Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр (2022.03.29) "Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган" сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” нь тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.
“Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хэлэлцүүлгийг нээж МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр “Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид онцолж байна.” хэмээн онцоллоо.
Үүний дараагаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.” хэмээв.
Чуулганаар:
”Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ы эхний илтгэлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр тавьж, танилцууллаа.
Мөн чуулганы үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулах бөгөөд хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн банк, санхүүгийн байгууллага, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, холбогдох яам, агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
"Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган" маргааш буюу 30-ны өдөр хүртэл Төрийн ордонд үргэлжлэн зохион байгуулагдана.