Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдлаа
Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр "Ногоон санхүүжилт" сэдвээр хоёрдахь өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
“Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган”-ы хоёр дахь өдрийн эхний хэсэгт Ногоон хөгжлийн сэргэлт - Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт сэдвийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга Ш.Мягмар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар илтгэл танилцууллаа.
БОАЖЯ-ны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. Тэрбээр "Монгол орны ойн сан нь мөнх цэвдгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг зохицуулах үүрэгтэй. Иймээс "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь чухал" гэдгийг онцоллоо.
Мөн тус хөдөлгөөнийг гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал,
Монгол орны нийт газар нутгийн 7.9% ойгоор бүрхэгдсэн талбайг 9%-д хүргэх,
Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хамгаалалтын зурвас ой тарих,
Хот, суурин газрын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөлтийн бодлого суурилсан байна.
Үүний дараагаар Ногоон хөгжлийн сэргэлт - Онцлох хөгжлийн төслүүд, санхүүжилт сэдвийн хүрээнд
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт,
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир,
Дэлхийн Банкны 2030 Усны нөөцийн бүлгийн үндэсний зохицуулагч Д.Доржсүрэн,
Монголын Улиас Судлаачдын Холбооны гүйцэтгэх захирал Д.Дэлгэржаргал нар Ой судлаач, хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг чиглүүлэгчтэйгээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үүний дараагаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хийсэн юм. Дөнгөж өчигдөрхөн байгуулагдсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан нь ойн салбарт хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгох юм байна.
Тус танилцуулгын дараагаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн санхүүжилт, зарцуулалт сэдэвт хэлэлцүүлгийг Хөгжлийн эдийн засагч Б.Найдалаагийн чиглүүлгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах нар өрнүүллээ.