Орон нутаг
2022.03.30 18:18
3879
ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ “ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА

-Баянхонгор аймаг “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриатайгаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ-

   Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120 гаруй сая га талбай цөлжилтөд өртжээ.  Ялангуяа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай аймгуудаас Баянхонгор аймаг нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Энэ тус аймгийн нийт 20 сумын нутаг дэвсгэрээс 14 сумын газар нутгийг хамарчээ. Тэгвэл Баянхонгор аймаг цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Баянхонгор аймаг 2030 он хүртэл 20 сая модыг үе шаттай тарьж ургуулснаар цөлжилт газрын доройтлыг 0 хувь хүртэл бууруулна гэж үзэж байгаа юм.

-Хариуцлагагүй уул уурхайгаас болж ан амьтад амьдрах нутаггүй шахагдаж байна-

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Асамблейн 76 дугаар чуулганд уур амьсгал, экосистемийн өөрчлөлтийн эсрэг уриалга гаргасан нь Монгол орон даяар тэрбумаар тоологдох мод тарих ажлын үндсийг тависан билээ. Баянхонгор аймаг “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж энэ оны гуравдугаар сарын 1-нд ойн салбарын анхдугаар чуулганаа зохион байгуулж 20 сая мод тарих төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

   Улсын хэмжээнд эвдэрч сүйдсэн зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай 30 мянга орчим га талбай байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 8000 га талбайг нөхөн сэргээхээр тусгажээ. Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хариуцлагагүй компаниудаас болж ховордсон ан амьтан БНХАУ-ын нутаг руу шахагдах, амьдрах орчин нь хумигдаад байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллах үеэрээ онцолсон байдаг.

Гэрэл зургийг Ikon.mn сайтаас

-Тарьсан модоо эзэнтэй болгож, шинэ хүн төрөх болгонд мод тарихыг уриаллаа-

   Баянхонгор аймгийн ойн салбарын анхдугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон ажил болохыг Баянхонгор аймгийн иргэд ярьж байлаа. Мөн мод тарьсан өмнөх туршлагуудаасаа суралцаж, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн баазыг илүү сайжруулах шаардлагатайг Баянхонгор аймгийн ойн салбарынхан онцолж байв. Мөн иргэдээс тарьсан мод бүрийг эзэнтэй болгох саналыг дэвшүүлж байлаа. Баянхонгор аймаг мод тарих ажилд иргэд олон нийтийг хамруулах олон санаачилга дэвшүүлсний нэг нь шинэ хүн төрөх болгонд мод тарихыг уриалж байгаа юм.

-Нийт нутгийн 7 хувийг ойн сан бүхий газар нутаг эзэлж байна-

   Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820,681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвгэрийн 7,08 хувийг эзэлж байна.  Баянхонгор аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэ-Жинст сумдын 787,246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумдын 33,435 га талбайд шинэсэн ой ургаж байна.

   Тэгвэл Баянхонгор аймаг цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, автозамын дагуух хамгаалалтын ойн зурвас байгуулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийт 9227 га талбайд 20 сая мод тарих юм.  

Тодруулбал:

  • Баянхонгор аймаг цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах ойн зурвас болон хамгаалалтын ойн зурвас бүхий агро ойн аж ахуй байгуулахад 6752 га талбайд 13 сая 472 мянган мод,
  • Авто замын дагуух хамгаалалтын ойн зурвас болон уул уурхайн эвдрэлд орсон талбайд ойн зурвас байгуулах зорилгоор нийт 997 га талбайд нэг сая 958 мянган мод,
  • Доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 1298 га талбайд 3 сая 747 мянган мод,
  • Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 180 га талбайд 823 мянган мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

   Баянхонгор аймаг 2030 он хүртэл мод тарих ажлыг 3 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд 2020-2023 оныг бэлтгэл үе шат, 2024-2026 эрчимжүүлэх үе шат, 2027-2030 оныг тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөжээ.

-20 сая мод тарьснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дунджаас 42 дахин их болно-

   Баянхонгор аймаг нь 2030 он хүртэл 20 сая мод тарьснаар 1 га талбай дахь мод, сөөг нь 18 сая м3 агаарыг цэвэршүүлнэ. Агаарын бохирдлын 30-35 хувиар буурах тооцоолол гаргажээ. Улмаар ногоон байгууламжийн талбайн хэмжээ 14,7 дахин нэмэгдэж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 1025 мкв болох юм. Энэ нь дэлхийн дунджаас 42 дахин их тоо байна.

   20 сая мод тарьснаар үйлдвэрийн хаягдал, цахилгаан станцаас гарах агаарыг бохирдуулагч элементүүд устаж машин техникийн болон бусад дуу чимээний бохирдол 26 хувь буурна гэж тооцолжээ. Тоосжилт 21-76 хувь хүртэл,  хэт халалт ба хөрөлтийг 2-3 хэмээр бууруулж,  орчны чийгийн 75 хувийг хөрсөнд шингээж, агаарын чийглэг 4-7 хувь хүртэл нэмэгдэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгана гэж тооцоолсон байна.

-Баянхонгор аймаг сум дундын ойн ангидаа улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ-

   Баянхонгор аймгийн сум дундын ойн анги аймгийн төвдөө мод үржүүлгийн 6 га талбайд 17 нэр төрлийн тарьц, суулгацыг ургуулж байна.  Сум дундын ойн анги хөрөнгө санхүү, хүний нөөц, техник хэрэгсэл, услагааны системийн дутагдалтай шалтгаанаас нийт талбайнхаа 30 хувийг ашиглаж байгаа бөгөөд жилд 15-20 мянган тарьц, суулгацын үрсэлгээ бэлтгэж 50-60 хувийн ургалттайгаар жилд 6000 мянган тарьц, суулгацыг орон нутагтаа нийлүүлж байна. Баянхонгор аймаг 2022 онд улсын төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч сум дундын ойн ангийн мод үржүүлгийн ажлыг өргөжүүлэх, тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, үржүүлгийн ажлыг эрчимжүүлэх олон ажлыг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал үр үржүүлгийн талбайд энэ оны хавраас эхлэн тариалалт хийснээр 2024 оны хавар хоёр настай 985,344 ширхэг тарьц, суулгацыг орон нутагтаа нийлүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Мөн мод үржүүлгийн талбайг нэмэгдүүлж 10 га болгосноор шар хуайс, хайлаас, алтан харгана, гүйлс,  буйлс, мөнгөлөг жигд, шинэс, цагаан бургас, улиас, чацаргана, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг, нохойн хошуу, монос зэрэг моднуудыг үрээр тариалах юм байна. Улмаар сум дундын ойн ангийн чадавхийг нэмэгдүүлснээр тарьц, суулгацын нөөцийг жилд 500 мянгаар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.