Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.04.04 17:27
2548
ЗГ-аас үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд дараах 8 чиглэлээр арга хэмжээ авна

Засгийн газар өнөөдөр 15:30 цагаас ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар дэмжигдлээ. ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.

Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулна.

Б.Жавхлан: Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг ЗГ хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо.

Энэ хуулийн агуулга нь ОХУ-Украины дайнаас үүдэлтэй тооцоолоогүй нөхцөл байдал үүсээд байна. Импортлогч орнуудад шатахуун эрчим хүч, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэд хүчтэй нөлөөлж байна. Иймд манай ЗГ уг хуулийн төслийг өргөн барисанаар найман чиглэлээр арга хэмжээ авна.

1, УИХ-аар эдгээр хуулиудыг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.

2, Монголбанкны хувьд мах гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус өөрсдийн харилцдаг банкнуудаар нь дамжуулан банкны эх үүсвэрийг дайчлах,  хөнгөлөлттэй хүүгийн боломжийг бий болгох, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах эрхийг Төвбанкинд олгож байна

3, Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-д эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авна. 

4, ЗГ-аас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг ЗГ-т олгож байна.

5, Мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор  хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасын жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээг нэмгэдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд  төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх бөгөөд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ЗГ-ын үнэт цаас баталгаа гаргах арга хэмжээ авна.

6, Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн хомстол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.

7, ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний тухай хуулийн 6.6.7 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж нийлүүлэлт хангамжид хомстол үүсэхээс сэргийлж экспортлох үндэсний нэр төрөл тоо хэмжээг тогтоож мөрдүүлнэ. 

8, МУ-ын болон гадаадын иргэн, 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл бэлэн гадаад валютыг МУ-ын хилээр гаргахыг хориглоно.

Хуулийн зохицуулалтууд энэ хүрээнд байна. Хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо" гэв.