Баяр хөөрийн үүдийг тэр чигт нь нээж, эсвэл бүр гунигийн хавцалд мөнхөд унагаж чадах тийм их хүч хайр гээч хачин “этгээд”-ийн халаасанд явдаг өмч юм.
Хүн бүр хайрыг янз бүрээр төсөөлөх юм. Зарим нь цав цагаан өнгөөр, зарим нь дарсаар, бүр зарим нь гал, устай зүйрлэж байна. Харин би арай ондоо. Шуургатай адилтгана.
Эхлээд хацар илбэж байснаа гэнэт нүүр нүдгүй шилбүүрдэж хүртэл аашилдаг болохоор тэр этгээд ааштай гээч.
Эргэж ч харахгүй тэр чигтээ салхилан алга болж буй шуургыг би хайртай зүйрлэдэг юм.
Яагаад гэхээр түүнд хил хязгаар, баримжаа гэж байхгүй.
Тэгсэн атлаа хаанаас ундарч гараад байгаа нь үл мэдэгдэх асар их хөөр баяр, итгэл, омгорхлыг бүтээгч агуу хүч юм.
Намайг хумхын нэгэн тоосноос илүү үнэлээгүй их шуурга хаман авч одохоосоо залхуураад хэдэн бээрийн цаад руу хүслийн хурдаараа хуйлран одох нь ч бий. Бүр эргэж ч харалгүй шүү.
Уйлаад, дуулаад байхад ганц удаа харц унагаагүй байж амьдрал тэгширсэн хойно хажуу хавиргаар сийгэж, малгай, ороолт авч шидчих гээд байх шуурга ч бас бий.
Ийм л болохоор баяр хөөрийн үүдийг тэр чигт нь нээж, эсвэл бүр гунигийн хавцалд мөнхөд унагаж чадах тийм их хүч хайр гээч хачин “этгээд”-ийн халаасанд явдаг өмч юм. Тэрнийг нь хэн ч хэзээ ч худалдан авч дийлээгүй. Тийм болохоор бүгд түүний өмнө хүчгүйдэж, зүгээр л тавиландаа даатгаж орхижээ.