Монгол Улсын хөгжлийн банкны хяналтын нээлттэй сонсгол явагдсан. Хувийн хэвшил болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд Хөгжлийн банкнаас зээл аваад чанаргүй гэх ангилалд орсон. Тэгвэл энэхүү зээл чанаргүй болох процессийн талаар, ямар арга хэмжээ авч болох талаар МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Хонгортой ярилцлаа.
-Хөгжлийн банкны талаарх хэлэлцүүлэгт оролцсон та ямар дүгнэлтэд хүрэв?
-Дөрөв дэх засаглалын санаачилга, идэвх зүтгэлийн үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулж болзошгүй асуудлыг нийгмийн анхаарлын төвд авчирч чадсан явдал нь уг хэлэлцүүлгийн хамгийн том амжилт байлаа. Монголын нийгэм өнөөдөр төр засгаас шударга ёс, нийгмийн эрх тэгш байдлыг хурцаар шаардаж байна. Төрийн нийтийн сан хөмрөгийн талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох, үндэсний язгуур эрх ашгийг явцуу бүлэглэлийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг асуудлууд хөндөгдсөн. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банктай холбоотой нүд дальдрам, чих сэртхийм тоо баримтууд дэлгэгдсэн.
Энэхүү хэлэлцүүлгийн бас нэгэн онцлог бол Монголын өнөөгийн нийгэм эдийн засгийн бүхий л үйл явдлын толин тусгал болсон. Тухайлбал, мэргэжлийн бус хүмүүс Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын хариуцан хийх ёстой мэргэжлийн ажлыг нь аргагүйн эрхэнд өмнөөс хийхийг оролдсон содон үйл явдал өрнөсөн.
-Мэргэжлийн ажлыг булааж авч хийсэн гэдэг тухай тодруулахгүй юу?
-Хөгжлийн банкинд үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргаж чадвал цаашид ийм үйл явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлж чадна. Хөгжлийн банкны луйвар, алдаа завхрал өнөөдөр гэнэт үүсээгүй. Аажим аажмаар даамжирсаар өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Улс орныг хүнд нөхцөл байдалд оруулж болзошгүй ийм эрсдэлийг урьдчилан харах “төрийн бодлого” зайлшгүй байх учиртай. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр тулж очоод байна. Уг зөвлөлийн гишүүн болох Монголбанк хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж чадсангүй. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг олон жил хийгдээгүй болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн мэдээлэлдээ онцолж байна лээ. Монголбанкны зээлийн мэдээллийн санд Хөгжлийн банкны зээлдэгчийн мэдээлэл тусгагддаггүй байсан талаар маш ноцтой мэдээлэл хэлэлцүүлгийн үеэр дэлгэгдсэн. Мөн түүнчлэн Хөгжлийн банк нь Монгол улсын Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй. Банк бол зөвхөн банкны үйл ажиллагаа явуулах ёстой. Охин компани үүсгэн байгуулах хориотой. Гэтэл Хөгжлийн банкны 2020 онд хийгдсэн аудитын дүгнэлтээс харахад Хөгжлийн банк нь охин компаниудын хамт Групп гэсэн нэрийн доор үйл ажиллагаа явуулж улмаар санхүүгийн маш ноцтой дампуурлын ирмэгт очиход банкны охин компаниуд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй. Товчхондоо, Хөгжлийн банк нь Банкны хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдож байна.
Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой байсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны зүгээс Хөгжлийн банкны нөхцөл байдалд хамтарсан дүгнэлт хийж Засгийн газар, УИХ-д танилцуулж холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүйн горыг өнөөдөр бид бүхэн амсч байна. Бодлогын харалган байдал өнөөдрийн нөхцөл байдлыг үүсэхэд шууд нөлөөлсөн.
-Яах ёстой юм бэ?
-Санхүүгийн тогтолцооны удирдлагыг хариуцлага тооцон огцруулах, удирдлагын реформыг хийх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Компанийн сайн засаглалын зарчмуудыг өргөнөөр нэвтрүүлэх хэрэгтэй.
-ТУЗ маань хаашаа харж байсан юм бэ?
-Хөгжлийн банк нь охин компаниудтайгаа нийлээд Групп гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж Хөгжлийн банкны асуудлыг цэгцэлж шийдвэрлэхийн тулд эхлээд шалтгааныг нь олж тодорхойлох ёстой гэж бодож байна. Яагаад ийм алдаа завхрал үүсэв, үүнийг өдөөсөн шалтгаан нь юу байв, ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ гэдгийг эхлээд олж тогтоох шаардлагатай.
-Охин компаниуд юу хийдэг юм бэ?
-Хууль зөрчиж байгуулагдсан охин компаниуд яг ямар үйл ажиллагаа эрхлэн явуулсан нь бүрхэг. Гэхдээ л Хөгжлийн банкны үйл ажиллагааг доройтоход хувь нэмрээ оруулсан болох нь тодорхой. Хөгжлийн банк өөрийн үйл ажиллагаандаа эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлнэ гэсэн тунхаг уриатай. Хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтээс харахад Хөгжлийн банк нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ зөвхөн санхүүгийн эрсдэлийг явцууран анхаарч ирсэн явдал нь эрсдэлийн удирдлагыг цогцоор нь хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Эрсдэлийн удирдлагын бодлого гэсэн сүржин нэртэй мөртлөө даржин үйл ажиллагаатай. Бодлого нэгэнт буруу байсан учраас эрсдэлийн удирдлага хэрэгжээгүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь эрсдэлийн апетитыг баталж өгсөн байна лээ. Төлөөлөн удирдах зөвлөл эрсдэлийн апетит гэдгийг батлах учиргүй.
-Хэн батлах үүрэгтэй юм, яг юуг хэлж байна вэ?
-Энэ бол гүйцэтгэх удирдлагын үндсэн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг л дээ. Нэг ёсондоо, гүйцэтгэх удирдлагын багийн мэргэжлийн ур чадвартай шууд холбоотой. Эрсдэл рүү тэмүүлэх үү, аль эсвэл эрсдэлээс зайлсхийх үү. Үүнийг мэргэжлийн төвшинд апетит гэдэг юм. Гүйцэтгэх удирдлагын баг эрсдэлийн апетитыг хэрхэн тодорхойлох нь тэд нарын л асуудал. Ер нь эрсдэлийн апетит гэгчээ хэрхэн хэмжиж тооцоолдог, итгэлцүүр шалгуургүй явж ирсэн юм байна гэж ойлгосон. Зүгээр л ерөнхий баримжаа, ерөнхий тайлантай.
-Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бол?
-Хөгжлийн банкны одоогийн бизнесийн загварыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Арилжааны банк, санхүүгийн ломбард шиг үйл ажиллагааны тогтолцоо нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай. Хөгжлийн банкны бизнесийн философийг иж бүрэн шинэчлэх шаардлагатай.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Хөгжлийн банк бол хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг түлхүү явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, зээлдэгчид их хэмжээний мөнгө олгодог одоогийн практикаас татгалзаж, Монгол улсын нийгэм эдийн засгийн салбарт хөгжил авчрах, импортыг орлох, экспортын өрсөлдөхүйц хэмжээний зэрэг төслүүдийг зээлдэгч нарт санал болгодог болмоор байна. Ийм тогтолцоонд шилжсэнээр зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаж, төсөл амжилттай хэрэгжиж улмаар зээл эргэн төлөгдөх нөхцөл боломж бүрдэнэ. Хөгжлийн банкны эрхлэн явуулж байгаа одоогийн санхүү-зээлийн бодлого, үйл ажиллагаа нь өнөөгийн орчин шаардлагад нийцэхгүй байна, загвар нь хоцрогдсон байна, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны аргачлалд шилжих хэрэгтэй. Ингэснээр Хөгжлийн банк нь нийгэм эдийн засгийг тэтгэх жинхэнэ санхүүгийн хүч болж хувирна. Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин нь өөрөө эрсдэлийг үүсгэж байна. Банкны гүйцэтгэх захирлын өмнө эрсдэлийн удирдлага бүхий маш олон мэдээлэл бүхий нэгэн төрлийн хяналтын удирдлагын самбар иж бүрнээрээ ажиллах ёстой. Гэтэл энэ дотор ганцхан санхүүгийн эрсдэлийн мэдээлэл хагас хугас ирдэг бусад эрсдэлийн мэдээлэл нь огт байхгүй. Өөрөөр хэлбэл эрсдэлийн удирдлага цогцоороо хэрэгжихгүй байна.
-Одоо Хөгжлийн банкийг яаж ажиллуулах ёстой вэ?
-Хөгжлийн банкийг ажиллуулахын тулд эхлээд Хөгжлийн банкийг тойрсон эдгээр асуудлуудыг /Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо,/-ны удирдлагууд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэсэн механизмаар дамжуулж хэлэлцээд улмаар энэхүү хямралыг гэтлэн давах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаж, хэрэгжилтийг хангах шаардлагатай.
-Хөгжлийн банкийг гадны менежментийн багт өгөх тухайд?
Цаашид хуулиар үүрэг хүлээсэн этгээдүүдийн өмнөөс мэргэжлийн бус этгээдүүд оролцох нь буруу. Анхнаасаа л сууриар нь буруу өрчихсөн учраас хууль эрх зүйн орчныг нь засаж залруулж, бизнесийн загвар моделийг нь зөв голдиролд оруулахгүй л юм бол энэ алдаа завхрал цаашид ч арилахгүй. Давтагдаад л яваад байна гэсэн үг. Хөгжлийн банк гэсэн санхүүгийн том хөдөлгүүрийг үр ашигтай ажиллуулахын тулд туршлага дутаж байна. Гэхдээ л өөрсдийн алдаан дээрээс сургамж авч, суралцаад явахаас аргагүй. Гадаадын менежментийн баг авчрах тал дээр миний хувьд дэмжихгүй. Учир нь Монгол улсын банкны тогтолцоо, чадавхийг бэхжүүлэхийн тулд өнгөрсөн 30 жилийн туршид их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, техник туслалцааны олон төсөл хэрэгжүүлсэн. Гадаадад олон залуу боловсон хүчинг сургаж бэлтгэсэн. Үндэсний боловсон хүчин маань Хөгжлийн банкны санхүү-зээлийн үйл ажиллагааг өөрсдөө гардаж хийх чадваргүй гэж үү. Яаж ч байсан бид нар өөрсдийн алдаанаас сургамж аваад өөрсдөө Хөгжлийн банкийг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.