Дорноговь аймгийн Мандах суманд нүүрсний олборлолтын төсөл хэрэгжүүлж буй "Түмэн айл инвест" ХХК-аас Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэд хандан нээлттэй ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм сайд танд болон нийт иргэддээ хандан “Түмэн айл” төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс бодитой мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү ил захидлыг хүргүүлж байна.
Юуны өмнө Дорноговь аймгийн Мандах сумын зарим иргэд болон тус компанийн гэрээт хамгаалагч нарын хооронд үл ойлголцол үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлье. Бидний бүхий л үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн дагуу явагдаж буй бөгөөд эсэргүүцлийн гэх үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүй байдлаар татагдан орсон иргэдийг өөртөө болон бусдад хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь сошиалд тавигдсан зарим бүрэн бус, монтажлагдсан бичлэгээр дамжин олон нийтэд ташаа ойлголт өгчээ.
Сүүлийн үед Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийг гацаах, зогсоохын тулд орон нутгийн иргэдийг турхирах, тэднээр дамжуулан хуулийн этгээдийн өмч хөрөнгө, ажилтан, мэргэжилтэнүүдийн биед халдах, халдахаар заналхийлэх зэрэг нь бараг хэвийн үзэгдэл шахуу болжээ. Энэ нь хууль ёсоор бизнес эрхэлж буй хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн эрсдэл дагуулж болж буй төдийгүй улс орны хувьд бүтээн байгуулалтын ажлууд гацах, хугацаа алдах зэрэг хохирол авчирч байна.
“Түмэн айл” нүүрсний уурхайн төсөл нь Монгол Улсын хуулийн дагуу хэрэгжиж буй бөгөөд улс орны хувьд ч чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэж бид үзэж байгаа юм. Ялангуяа “Ковид- 19” цар тахлын эдийн засагт учруулсан дарамт, олон улсын хямралт нөхцөл байдлын улмаас манай эдийн засагт бодитойгоор нүүрлэсэн хямрал, инфляци, мөнгөний хомсдлоос гарахын тулд Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой яв цав уялдсан, экспортын орлогыг бодитой нэмэгдүүлэх нэн чухал төсөл мөн.
Манай төслийн хувьд нүүрс экспортлохоор болж, холбогдох гэрээ хэлцлийг амжилттай хийсэн нь улс орны хувьд эдийн засгийн асар их ач холбогдолтой гэдгийг Эрхэм сайд Та ойлгох буй за. Хэрвээ ийм төслүүд хэрэгжихгүй удах аваас манай улстай нүүрсний салбарт өрсөлдөгч улс гүрэн, үндэстэн дамнасан бусад компаниудад зах зээлээ алдах бодитой эрсдэл бий.
Түүнчлэн “Түмэн айл” төсөл нь нэр бүхий иргэдийн явуулгад автсан буюу бодитой мэдээлэл хараахан авч амжаагүй цөөн хэдхэн хүнээс бусад өрх, айл, иргэд болон сумын холбогдох эрх бүхий байгууллагуудад ач холбогдол, орон нутагт хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын төлөвлөгөөгөө танилцуулан ажиллаж буй ба тэд маань ч дэмжиж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Тухайлбал “Түмэн айл” төслийн хүрээнд малчдыг ногоон тэжээлээр тогтмол хангах, орчин үеийн өндөр үр ашиг бүхий ферм байгуулах, нарийн ногооны хүлэмж барих, ногоон байгууламж барих зэргээр зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлтээр хязгаарлагдахгүй нийгмийн нөхөн сэргээлт, сумын хөгжлийн “Шинэ сэргэлт”-ийг авчрах хөрөнгө оруулалтуудыг ч төлөвлөөд байна.
Иймээс ч Засгийн Газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогыг талархан хүлээн авч, хэрэгжүүлэхээр ажиллаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэгт Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Сайд Танд итгэж байна. Түүнчлэн, Сум орон нутгийн зарим байгууллагуудад төрийн байгууллагын хууль ёсны зөвшөөрөл бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дур мэдэн саад учруулах, хүнд суртал гаргах, иргэдийг өдөөн турхирах зэрэг үйлдэл хийхгүй байхыг уриалж, жишиг манлайл үзүүлээсэй хэмээн хүсье.
Өнөөдөр бидний эхлүүлж буй төсөл нь улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болох ба мянга мянган багш, эмч нарын авах цалин, мянга мянган үрсийн маань сургалтын төлбөр, олон мянган ахмадуудын маань нэмэгдэх тэтгэвэр болон улсын төсөвт төвлөрнө. Бидний оруулж ирэх валютын урсгал ханшийн уналтаас Монгол төгрөгөө хамгаалах хөшүүрэг болох болно.
Монголд хэрэгтэй төслүүдийг жагсах цуглах, айлган шантаажлах, хуулиас дээгүүр шаардлага тавин зогсоох зэргийг хэрхэвч өөгшүүлж болохгүй гэж бид санаж байна. Төр засаг нь хай хэмээн даалгавар өгөөд, олборло хэмээн зөвшөөрлөө өгч, улмаар хувийн хэвшил өөрийн чадах чинээгээрээ хөрөнгө татаж, эрсдэл үүрэн өдийг хүрсэнийг хэвийн үргэлжлүүлэх аваас дан ганц Мандах сумын иргэдэд төдийгүй улс оронд хэрэгтэй, дэмтэй юм хэмээн санаж, энэхүү ил захидлыг илгээлээ.
Нэгэн зууны өмнө их жанжин Д.Сүхбаатарын сургасанчилан та бид нэгэн зүгт зориглон хөдлөх нэн шаардлагатай цаг үе нь энэ жил, энэ хавар, энэ цаг юм.
Та бүхэнд Шинэ сэргэлтийн ажилд хүчээ нэмж, эвээ хичээхийг уриалж байна.
“Түмэн айл инвест” ХХК