Эх дэлхийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиож усны салбарынхан тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэж байх үед чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл цацагдсан нь хөрсний хуурайшил, цөлжилтөд өртөж эхлээд буй нийслэлчүүдэд ёстой л чийг өгөх шиг болсон. “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр “... 2040 он гэхэд 270 км далангийн шугам барина. Бас зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулна...” гэж ярьсан. Энэ санал санаачлагыг борооны улирал эхлэхтэй зэрэгцээд өгдөг амлалттай дүйцүүлэх ч юм биш. Туул гол дагуу далан барих буюу сувагчлах нь хэтдээ ямар ашигтайг бодолцох хэрэгтэй... Сүүлийн үед зөв зүйтэй ажлаа олонд тайлагнасан дарга даамлыг сошиал орчинд ихэнх цагаа өнгөрүүлж, бусдын хийж хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлыг харлуулж болж бүтэхгүй мэтээр ойлголт өгдөг хэсэг бүлэг нөхдүүд бий болсон. Үүнийг ч дарга нар өлгөн авч тэрхүү мэдлэг дутмаг дэлгэцийн цаана шүлсээ үсэргэдэг хүмүүсээс айдаг болсон нь харамсалтай. Товчхондоо бол учрыг нь сайн ухалгүйгээр мэдлэг нимгэн нөхдүүдийн сошиал орчинд элдвээр сэвэхээс айж, хийхээр төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй шийрэгнэх хэрэггүй гэдгийг хэлж буй хэрэг. Мэдээж дээрх зөв зүйтэй ажил олны анхаарлыг татах хэдий ч манайхан мэдлэг хомс байгаа нь харагдсан. Өөрөөр хэлбэл Туул голыг сувагчлах буюу даланжуулах нь ямар ач тустайг үнэндээ ойлгоогүй гэсэн үг. Дэлхийн хотууд хотын дундуур урсаж байгаа голоо даланжуулж үерийн уснаас хамгаалахаас гадна байнгын чийгшилтэй байж усны урсацыг тогтмол болгодог байна. Гэтэл манай Туул гол ямар ч хамгаалалт буюу үерийн далан байхгүй учраас ундны усаа бохирдуулж, нийслэл даяараа хуурайших эрсдэлд орчихож. Тиймээс л хотоо чийгшүүлэх үүднээс Туул голыг сувагчлах буюу даланжуулъя гэж ярьж буй хэрэг. Яагаад даланжуулах ёстой вэ гэж үү... Туул гол дагуу далан барих нь усны урсацад нөлөөлж тогтмол урсацтай болно. Элдэв хог хаягдал бохирдол, үерээс хамгаална. Хамгийн энгийнээр бодоод үзэхэд бага ангийн сурагчдад ч “Агаарын чийгшил багасахад хур тунадасны хэмжээ багасдаг. Гол, мөрний ус агаарт ууршиж, эргээд хур бороо болж ордог...” гэж заадаг шүү дээ. Тэгвэл байгалийн яг л тэр үзэгдэл ховордоход хүрч, хур бороо татмагшаад байгаа энэ цаг үед жинхэнэ нүдээ олсон, хэрэгтэй ажил гэдэг талаас нь харж, ойлгож гэмээ нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голоо хамгаалж чадна. Дэлхий нийтээрээ усыг ариг гамтай хэрэглэж, усны нөөцдөө санаа тавьж буй энэ цагт монголчууд бид ч бас усны мэргэжилтнүүдийнхээ санаа бодол, хийхээр төлөвлөсөн ажлыг хүндэтгэх учиртай. Бид ч гэсэн дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж яагаад болохгүй гэж. Яагаад усны урсац нь муудчихаад байгаа Туул голоо сувагчлах буюу даланжуулж болохгүй гэж. Харин ч энэхүү ажлыг хийснээрээ Нийслэлчүүд ундны хамгийн цэвэр усаа уух боломж бий болно гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тиймээс л Туул голыг сувагчилж даланжуулахыг дэмжих хэрэгтэй гэж ард олондоо уриалах байна. Ер нь ч тэгээд сайхан бүхнийг бусдын нутгаас харах бус өөрсдөө хийж яагаад болохгүй гэж. Яагаад Улаанбаатар Венец шиг байж болохгүй гэж...