Нийгэм
2022.04.26 12:32
1621
С.Баярмагнай: Богдзонхво  хөшөөг бариад утаагүй болно гэдэг нь ард иргэдийг доромжилсон асуудал

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай авто замын хашлага, явган хүний замыг тодорхой эвдрэл гэмтэл болоогүй байхад сольдог, тендер зарлахдаа хянадаггүй, төсвийн мөнгийг хамаагүй үрдэг зэрэгт гэмт хэргийн чанартай болон хууль зөрчсөн үйлдлүүд байгаа гэж хардаж буй юм. Тэрээр АТГ, Хотын даргад гурван хүсэлт хүргүүлж байгаа аж.

Тус хүсэлтэнд: 1. 2021, 2022 онд зарлагдсан авто зам, явган хүн, дугуйн замтай холбоотой тендерүүдийг хянаж шалгах

2. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга, дэд дарга зам барилгын хяналтын хэлтэс, засвар ашиглалтын хяналтын хэлтсийг шалгах

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааг шалгаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг судлах гэх мэт зүйлсийг багтсан байна.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай: "Өнөөдөр Монгол улс, Улаанбаатар хотод бүтэж  байгаа зүйл алга. Утаа, ЖДҮ, Хөгжлийн банк, боржур, авто зам, хөшөө дурсгал гээд. Жишээ нь өчигдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга мэдэгдэлдээ бродюр сольдог ажил гэж байдаггүй гэсэн. Энэ нь бид нарын мөнгөөр зам янзлахдаа зүгээр байгаа, бага зэрэг  эвдэрснийг төсөвтөө оруулаад тендерт оруулаад хийдэг ийм асуудал байна. Хоёрдугаарт нийслэлийн авто замын хөгжлийн газар хяналт шалгалт хийдэггүй. Монголчуудын хийсэн боржур хамуурдаг юм шиг. Энэ нь илтээр ард иргэдийг доромжилсон. Ийм байдал байж болохгүй, нэг талдаа гармаар байна. Нийслэлийн авто зам удирдлагуудаасаа хүсэж байна. Монгол улс хөшөөгөөрөө дэлхийд нэгт орж байна. Богдзонхво  хөшөөг бариад утаагүй болно гэдэг нь ард иргэдийг доромжилсон асуудал. Дахиж хөшөөг больё. Үнэхээр хөшөө дурсгал бариад хөгждөг бол монгол улс нэг номерт хөгжиж байгаа. Хөшөөний оронд хүүхдийн ордон хийх ёстой гэж бодож байна.  Замын ажил төсөвтэй холбоотой намар эхэлдэг. Яг ажил хичээл сургуульдаа орохоор энэ тэнд зам хаагаад замын ажил эхэлдэг. Энэ тал дээр нийслэлийн засаг даргад хүсэлт өгч байгаа юм. Зун бүгд амарч байхад хийж болно" гэлээ.