m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.01 06:09
548
Наадам хаяанд ирж, хүчит бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж, дэлхий нийт Бразилийн зүг хараа бэлчээж буй энэ үед монголчууд бид өөр нэгэн чухал мөч эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол жилдээ ганц удаа болдог үндэсний их баяр наадам. Жил жилийн наадмын үндэсний бөхийн барилдаан онцлогтой болж, бид наадмын сонин сайхныг дараа жил хүртэл ам дамжин ярилцдаг. Тэгвэл шинэ түүхийг бичих нэгэн наадам хаяанд ирж, хүчит бөхчүүд бэлтгэл юугаа жигдрүүлэн байна. “MASS Agency”-гийн спортын албаны баг бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг шинжиж, галын бэлтгэлийг сурвалжлахаар өнгөрсөн ням гаригт хотоос хөдөллөө.

Бидний очсон эхний газар бол ЦЕГ-ын харьяа “Сүүж” амралтын газар. Бид “Сүүж”-ийн галыг сонгож очсон нь учиртай. Энэ амралтын газар 1981 онд байгуулагдаж, бөхчүүд 1983 оноос галын бэлтгэлд гарах болжээ. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд энэ галын бөхчүүд улсын наадмын 20 шахам түрүү авсан юм. Үүнээс гадна төрөн гарсан шинэ цолтнуудыг бичнэ гэвэл тоймгүй их тоо гарна. Үнэхээр ээлтэй, өгөөжтэй болохоор бөхчүүд энд галын бэлтгэлээ хийх дуртай байдаг. Энэ жил ч гэсэн “Сүүж”-ийн галд Хөвсгөл, Завхан, Дорноговь, Дорнод, Ховд, Сүхбаатар аймаг болоод “Аварга” дээд сургууль гэсэн долоон гал төвлөрч, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Нийт 200 гаруй бөх байгаа аж. Завханы галд ноднингийн наадмын үзүүр бөх гарьд Б.Гончигдамба, Хөвсгөлийн галд улсын хүчит арслан Х.Мөнхбаатар зэрэг наадамд түрүүлж, үзүүрлэх хэмжээнд яригдаж буй бөхчүүд гарч. Түүнчлэн Ховдын галд бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа улсын начин Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай гэсэн залуу хүчтэнүүд бэлтгэлээ базааж байна. Бөхчүүд ерөнхийдөө зургадугаар сарын дунд үеэс галдаа гарсан бөгөөд өдийд бэлтгэлийн ачааллаа багасгаж, сэргэлтийн бэлтгэлдээ ороод байгаа аж.

Бөхчүүдийн бэлтгэл, наадмын өнгө болон бусад зүйлийн талаар галын ахлагч нартай уулзаж ярилцлаа.

Улсын заан Ц.Мягмарсүрэн: Энэ жил шинэ цолтон олон төрөх байх аа

-Ховдын галд энэ жил хэдэн бөх гарч байна вэ?

-Цолтой, цолгүй нийлсэн 50-иад бөх гарч байна. Улс, аймгийн цолтой нь 20 гаруй байна уу даа. Зарим нь аймгуудын наадамд барилдана.

-Таныг ид барилдаж байх үед галын бэлтгэл ямархуу байсан бол? Одоо өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Ерөнхий зарчим өөрчлөгдөхгүй л дээ. Би залуу байхдаа ахмад бөхчүүдийнхээ үгийг сонсож, тэдний сургааль заавраар бэлтгэлээ хийдэг байсан бол одоо галаа ахлаад хийлгэж байна. Одоогийн залуусын хувьд наадмын бэлтгэл сэргэлтийн л бэлтгэл болсон шүү дээ. Бөхчүүд чинь одоо жилийн дөрвөн улирлын турш бэлтгэлтэй болсон. Мэдээж галд гарч ирээд бэлтгэл хийлгүй яахав. Гэхдээ үндсэн бэлтгэлээ намар, өвөл, хаврын турш базаасан байгаа.

-Галын бөхчүүд өдөрт ямар дэглэмээр бэлтгэлээ хийж байна вэ?

-Өглөө 6.30-д босч бэлтгэл хийнэ. Тэгээд өдөр 11, үдээс хойш 16 цаг гээд өдрийн гурван бэлтгэлтэй. Мөн хажуугаар нь талын, уулын кросс хийнэ. Гэхдээ наадам дөхөөд ирвэл кросст гүйлгүй, бэлтгэлийн ачааллаа багасгана л даа.

-Ховдоос сүүлийн үед сайн бөхчүүд төрөн гарч байна. Хамгийн сүүлд 2012 онд Б.Пүрэвсайхан улсын начин боллоо. Дараагийн ээлжинд улсын цол авах ямар бөхчүүд байна вэ?

-Аймгийн арслан О.Хангай, Н.Батсайхан, аймгийн заан Д.Бадамгарав гээд бөхчүүд байна аа. Манай Ч.Цогбаяр бас энэ жил цолоо ахиулах байх гэж бодож байгаа. Ер нь бүх бөхчүүдийн бэлтгэл сайн хангагдсан. Бүгд л дотроо цолоо баталж, ахиулахыг хичээж байгаа.

-Онцгой сайн бэлтгэлтэй байгаа бөх галын бэлтгэл дээр анзаарагдах уу?

-Хэн сайн байгаа, хэний бэлтгэл ханасан нь мэдэгдэнэ шүү. Гэхдээ хүний од хийморь гэж чухал юм байна. Түрүүлэх бөх, морь хоёрт саад байдаггүй гэсэн үг бий. Одоо бол тэр түрүүлнэ гэж хэлэх аргагүй болчихоод байна. Өмнө нь Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэх нь тодорхой байлаа. Харин одоо залуучууд бүгд дор дороо бэлтгэлээ сайн базаадаг болж. Энэ дундаас хэн од хийморьтой байгаа нь түрүүлнэ дээ.

-Хэдэн начин төрөх бол?

-Дөрөв, таван начин төрөх байлгүй. Тэрнээс ч их төрөхийг үгүйсгэхгүй. Ер нь энэ жил шинэ цолтон олон төрөх байх аа.

-Танай нутгийн Б.Пүрэвсайхан олны анхааралд байгаа. Бэлтгэл сургуулилт нь ямархуу байна?

-Бэлтгэл нь сайн байгаа.

-Та одоо гал ахлаад, залуу бөхчүүддээ зааж зөвлөж байна. Бэлтгэлээ базаах энэ эрдмийг та өөрөө хэнээс сурч байв?

-Миний анхны багш бол Ч.Бямбадорж заан. Энэ хүнийг монголчууд бүгд мэднэ дээ. Бас Д.Мягмар заан, Д.Дашжамц начин, Б.Бат-Эрдэнэ аварга болон “Хүч”-ийн үе үеийн бөхчүүдээс их зүйл сурсан. 1964 оны луу жилтнүүдийг залгаж гарч ирсэн А.Сүхбат аварга, Г.Өсөхбаяр аварга, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд бид хэд нэг үеийн бөхчүүд. Ийм сайн бөхчүүдтэй нэг үед барилдаж, сайхан цол авсандаа баярлаж явдаг даа. Одоо би Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажиллаж байгаа. Хамт олон маань чөлөө өгч, наадмын бэлтгэлд гаргасан.

-Та “Сүүж”-ийн галд олон жил гарсан уу?

-Би 1994 оноос хойш гарсан даа. Одоо 21 дэх жилээ болж байна. Энэ сайхан хангай чинь улсын наадмын хориод түрүү хайрласан байдаг юм. Үүнээс гадна арслан, гарьд, заан, харцага, начин цолтон олон төрсөн. Ийм сайхан ээлтэй газар болохоор гарах дуртай. Хүн дассан газартаа сайхан байдаг шүү дээ.

Улсын начин Д.Цогзолдорж: “Сүүж”-д гарахад гэртээ ирсэн юм шиг санагдаж байна

-Дорнодын галд хэдэн бөх хамрагдаж байна вэ?

-20-иод бөх байна. Сүүлийн дөрөв, таван жил “Сүүж”-д гарсангүй. Харин энэ жил гарахад сайхан байна. Би 1998 оноос хойш 10 жил “Сүүж”-ийн галд гарсан. Эндээс улсын цол авч байлаа.

-Галын бөхчүүдийн хэд нь улсад, хэд нь аймагт барилдах бол?

-Наадмын дараа зүүн бүсийн даншиг наадам манай аймагт болно. Тиймээс галын бөхчүүдийн ихэнх нь улсад барилдах байх.

-Дорнодоос улсын цолтон төрөлгүй хэдэн жил болжээ. Шинээр цол авах магадлалтай ямар залуус байна вэ?

-Аймгийн арслан Б.Батхуяг, П.Мөнхбат, Х.Алтансүх, Г.Түмэнжаргал гээд залуучууд байна. Одоо бэлтгэлээ л сайн хийвэл хэн ч цол авах боломжтой болсон.

-Галын бэлтгэл ямар хуваариар явагдаж байна вэ?

-Өглөө 6.30-д босч зарядкад гүйнэ. Энэ үеэр мэх давтах зэргээр хөнгөн бэлтгэл хийдэг юм. Тэгээд өдөр 11, 16 цагаас үндэсний бөхийн бэлтгэлтэй. Бас талын кроссонд гүйнэ. Бусад үед нь барилдааны арга техникээ давтаж байна даа. Одоо ч бөхчүүд бүтэн жилийн бэлтгэлээр наадамд барилддаг болж. Өмнө нь наадмын өмнө ганц сар бэлтгэл хийгээд барилддаг бөх цөөнгүй байсан. Харин одоо ийм бэлтгэлтэй зодогловол хүн хаяхад хэцүү.  

-Энэ жилийн наадмын өнгийг хэрхэн тодорхойлж байна вэ? Хэн хэн дээгүүр барилдаж, ямар залуус начин цолд хүрэх бол?

-Мэдээж шинэ цолтон төрөх нь төрнө. Гэхдээ айхтар олон бөх цол авахаа байчихсан байна. Даваа болгон цолтой болж, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхээр хүн бүр цолоо баталж, шөвгөрөхийн төлөө зүтгэж байна. Тиймээс 3-4 начин л төрөх байх. Ер нь одоо наадмыг урьдчилан таах хэцүү болчихсон. Аймгийн арслан хүртэл түрүүлж байна. Би хувьдаа Г.Эрхэмбаяр, Ц.Содномдорж хоёрын аль нэгийг түрүүлэх байх гэж бодож байгаа. Бас Д.Рагчаа, Б.Гончигдамба, Н.Ганбаатар гээд гарьдууд байна. Х.Мөнхбаатар арслангийн бэлтгэл ч сайн байх шиг байна лээ. Начингуудаас Р.Пүрэвдагва цолоо ахиулах байх. Ер нь тэгээд хүний бэлтгэл ханасан нь алхаа гишгээнээс л мэдэгдэнэ шүү дээ. Гэхдээ бэлтгэл сайхан таарсан ч наадмаар эрт унах тохиолдол бий. Бас тааруухан бэлтгэлтэй хэрнээ наадмаар сайн барилддаг хүмүүс ч байна. Барилдахад хүч, мэхээс гадна ухаан их шаарддаг. Бяртай болгон нь түрүүлэхгүй шүү дээ.

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл догдлоод нэг л гоё биз?

-Сайхан шүү дээ. Бөхчүүд бид цолны төлөө барилдаж байгаа ч гэсэн наадам үзэж байгаа тэр олон хүмүүст баясал цэнгэлийг өгөх ёстой. Ер нь наадмаар хүн бүрийн сэтгэл догдолж, сайхан болдог биз дээ.

-“Сүүж”-ийн гал дотно санагддаг байх?

-Би эндээс улсын цол авч байсан. Ер нь Монголын ихэнх том цолтон “Сүүж”-ийн галаас төрсөн байдаг. Би дунд нь таван жил өөр газар бэлтгэлд гарч үзсэн. Харин энэ жил гарсан чинь гэртээ ирсэн юм шиг л санагдаж байна.

“Таванхан” дэвжээний галын барилдаанд хурц арслан Б.Одгэрэл түрүүлэв

Бид “Сүүж”-ээс хөдөлж, Сэлэнгэ нутгийн хүчтэнүүд бэлтгэлээ базааж буй “Төр хурах”-ыг зорилоо. “Таванхан” дэвжээний бөхчүүдийн галд ноднингийн наадмын түрүү бөх Г.Эрхэмбаяр аварга болон улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх тэргүүтэй 30-аад бөх гарч байна. Биднийг очдог өдөр галын барилдаан болж, 64 бөх зодоглоход аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, аймгийн начин Н.Энхжаргал үзүүрлэсэн юм. Их шөвөгт аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, улсын начин Ч.Баянмөнх нар үлдлээ. Нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлтэй танилцахаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар хүрэлцэн ирээд байв. Энд Сэлэнгийн бөхчүүдээс гадна “Хүч”, “Аврагч” спорт хорооны 15 бөх Г.Элбэг харцагын удирдлагад бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Өвөрхангайн арал, бяр ихтэй начин Б.Сугаржаргал энд наадмын бэлтгэлээ базааж байна.

Улсын аварга Г.Эрхэмбаяр: Бэлтгэлээ сайн базаасан

Галын барилдааны үеэр өнгөрсөн наадмын түрүү бөх, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай манай сурвалжлагч уулзсан юм. Галынх нь бөхчүүдийн ярьснаар аварга энэ жил гойд сайхан байгаа, бэлтгэл нь ч сайхан ханасан, ер нь ноднингийх шигээ дахин түрүүлэхэд гайхах юмгүй байгаа аж.

-Сэлэнгэ аймгийн "Таван хан" дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хангаж байна даа?

-Манай аймгийн бөхчүүд нэгдэж, цугларалтад гарах болсоор 8-9 жилийн нүүр үзэж байна. Энэ жил бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хоёр хуваагдсан. Анхан шатны бэлтгэл хийж буй 30 гаруй залуу бөхчүүд маань Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бэлтгэлээ базааж байна. Харин улс, аймагт дээгүүр барилдах төлөвлөгөөтэй 30 гаруй бөх Төрхурахын амны "Төр хуралдай" хэмээх газар цуглараад байна.

-Төр хурахад хэд дэх жилдээ гарч байна вэ?

-Энд гурав дахь жилдээ гарч байна. 

-Галын залуусаас тань дээгүүр барилдаж, цолоо ахиулчих боломжтой бөхчүүд хэр олон байна?

-Ер нь манайхны хувьд бэлтгэл сайн хангагдсан. Олон сайхан бөхчүүд маань шинээр улсын цолонд хүрч, зарим нь цолоо ахиулна гэдэгт найдаж байна даа. Нэр зааж хэлбэл улсын начин Ч.Баянмөнхийгөө харцага, цаашлаад заан цолонд хүрчих боломжтой гэж харж байгаа. Мөн аймгийн арслан Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыгаа улсын цолтны эгнээнд орчих байх хэмээн итгэж сууна.

-Сэлэнгэ аймгийн удирдлагууд бөхчүүдээ хэр дэмждэг вэ?

-Ер нь аймгийн удирдлага, нутгийн зөвлөл, Сэлэнгэ аймгаас гаралтай бизнесийнхэн, бөхөд дуртай ард олон маань бөхчүүддээ анхаарал хандуулж, жил бүр тусалж дэмждэг. Сая л гэхэд нутгийн зөвлөлөөс наадмын галын зардлын тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг гаргалаа. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд Сэлэнгэ нутгаас олон сайхан бөхчүүд төрөн гарч,цол чимгээ ахиуллаа.

-Таны хувьд улсын наадамд хоёр дахиа түрүүлэхийн төлөө барилдах нь тодорхой. Хувийн бэлтгэл хэр хангагдав?

-Урьдын адил бэлтгэл, сургуулилтаа сайн базааж байна. Бэлтгэл сайтай, сайхан байгаа. Наадмын өмнө тэгнэ, ингэнэ гэж ам гараад яахав. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, наадамдаа сайхан барилдана даа. 

Бөхийн бусад галуудын талаар товчхон танилцуулбал, “Сүүж”-ийн цаахна орших “Дуган хад” амралтын газар Булганы бөхчүүд бэлтгэлээ базааж буй бол Бугын сангийн аж ахуйд Өвөрхангай болон “Хилчин”-ий бөхчүүд гарчээ. “Увс нуур” дэвжээнийхэн уламжлал ёсоор Харзтайд гарсан бол Говь-Алтайнхан Цонжинболдогийн цаахна байх “Гео мандал” амралтын баазад наадмын бэлтгэлээ хийж буй. Архангайн бөхчүүд Таван толгойд, Дундговийнхон Налайхаас цаахна байх “Найман шарга” цэргийн амралтад бэлтгэлээ базааж буй юм байна.

Одоо бөхчүүд маань бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх цаг ойртжээ. Наадам дөхөж, хүчит бөхчүүдийн бэлтгэл жигдрээд ирэхээр сэтгэл гэгэлзээд нэг л гоё. Энэ жилийн наадам сайхан болох байх аа.

Р.Манлай, Г.Баярсайхан