Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.28 15:49
7440
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарыг хувьчилбал энэ ядуу ард түмэн чинь үнийг нь дийлэхгүй болно!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр, Эрчим хүчний салбарын компаниудыг хувьчлахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Төсвийн дагалдах хуулиудад төрийн өмчийн хувьчлалын асуудал яваа. Би энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасъя гэсэн санал оруулсан. Ер нь бол олон нийтэд нээлттэй гэдэг гоё нэртэй. Энэ ядуу ард түмэн чинь яаж худалдаж авах вэ дээ. Иргэдийн гуравны нэг нь ядуу байгаа. Тав хүртэлх хувийг нь нэг хүн авч болно.

Тэгэхээр 34 хувийг зургаа, долоон гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр, нэр дээр авчихад нэг гэр бүлийнх болно. 20, 30 компанитай сайхан гарууд бол зургаа, долоон компаниа явуулаад л өөрийнхөө болгочихно. Дараа нь төрийн өмчийн хоёр гурван нөхөрт хахууль өгөөд л захирлыг нь тавичихна байхгүй юу даа. Тэгээд л тэр компанийн мэдэлд энэ эрчим хүчний салбар очно. Эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж байна гэдэг. Үнийг нь барьсан байхгүй юу. Ашигтай ажиллуулна гэвэл үнийг нь нэмнэ. 

Нөгөө талаар хувьчлал дотор хууль зөрчсөн юм байна. Эх үүсвэр, дамжуулах шугамууд явж байгаа юм. Дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Гэтэл явж л байгаа. Уг нь бол ажлын хэсэг дээр эрчим хүчний компаниудыг хасах тухай асуудал боссон байсан ч Байнгын хорооны хуралдаан дээр унасан. 

Эрчим хүчний салбарыг ашигтай ажиллуулъя гэвэл тэрэн шиг амархан юм байхгүй. Айл, компани руу нэг л утас, нэг л шугам орж байгаа. Дуртай үнээ хэлээд ашигтай болгож болно.

Төсвийн тодотгол уг нь бол үнийн өсөлтийг зогсооход чиглэсэн. Гэтэл эрчим хүчний компаниудыг хувьчлахаар эрчим хүчний үнэ өснө. 34 хувийг авсан нөхөр яах вэ, төрийн өмчийн хоёр гурван нөхрийг хахуульдаж аваад л захирлыг нь тавичихна шд. Дахин дахин хэлье. Тэгээд л дуусаа.

Тэнэгийн ухаан хойно гэж өнгөрсөн хойно нь хашхирч болохгүй. Тиймээс эрчим хүчийг хувьчлах асуудал дээр гишүүд анхааралтай хандаарай. Ард түмэн төлж чадахгүй, ард түмэн нээлттэй хувьцаанд оролцож чадахгүй. Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа. 

Зайсанд хувиараа шугам татсан хүний тухай сонссон байх. Дуртай үнээрээ байшин барих гэж байгаа компаниудад зөвшөөрөл өгдөг. Дургүйгээ хүрэхээр эрчим хүчээ салгаад хаячихдаг байхгүй юу. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг хувьчлах гээд байна. Эрчим хүчний зөвшөөрөл хувьд очно гэсэн үг. Яг л ийм зөрчил бий болно" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан түүний тодруулгад хариу өгөв.

Тэрбээр, "Гурван чиглэлээр төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруй хугацаанд судалгаа хийж, удаа дараа энэ асуудлуудыг танилцуулж байсан. Цаашид засаглалыг сайжруулах үүднээс 66 хувиас доошгүй хувьд нь төр хяналт тавиад, 34 хүртэлх хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр гаргаж, олон нийтийн хяналтад оруулах чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийе гэж байгаа. 

Өмнө нь бас л энэ асуудал унаж байсан. Энийгээ дахин дахин ярих юм бол хэзээ ч бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийж чадахгүй. Бүгд амжилттай болох нь асуудалтай. Тэр бол үнэн. Амжилтгүй боллоо ч гэсэн хувьцаат компани болох бэлтгэл ажил нь өөрөө тухайн компанийг нэлээдгүй шалгалтад оруулж, юу нь болж,  юу нь болохгүй байгаа бүх юмыг ил болгодог сайн талтай. Гэхдээ ихэнх компаниуд нь амжилттай хувьцаат компани болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрчим хүчний төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр гишүүдийн хэлж байгаа, мөн ЗГ дээр чиглэлийн сайдын хэлж байгаа асуудлууд пээр ЗГ хүндэтгэлтэй хандана. 

Диспетчерийн үндэсний төв ТӨХК, саяын гишүүний хэлдэг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийг хасаад бусад эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийгээд, нээлттэй компани болгох тал дээр цааш нь явуулна гэдэг дээр ЗГ шийдвэрээ гаргасан."