Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.11 17:51
2957
Хашаандаа хүн бүр нэг мод тарихад агаарын бохирдол 50 хувиар буурна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулган дээр дурьдагдсанаас хойш даруй хагас жилийг үджээ. Энэ хугацаанд үндэсний хэмжээний томоохон ААН байгууллагууд мод тарих,  зүгээр нэг тариад өнгөрөх биш түүнийгээ арчилж ургуулах үүрэг амлалт авсан. Энэ хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 ААН 608 сая 500 мянган мод тарих амлалт авсан. Төрийн байгууллагууд ч мөн өөрийн чадах хэмжээнд үндэсний хөдөлгөөнийг дэмжин,  эх орныхоо ногоон байгууламжийг нэмэх асуудалд санаа тавьж буй. Харин иргэдийн зүгээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын эсрэг хийж чадах, Тэрбум мод хөдөлгөөнд оруулах хувь нэмэр юу байх вэ?

Мэдээж хэрэг хэн ч гэсэн амьдрах орчноо сайжруулахыг, цэцэг навч дэлгэрсэн, ногоон байгууламж бүхий “тансаг” орчинд амьдрахыг хүсдэг. Тэгвэл үүнийхээ төлөө хашаандаа ядаж нэг л мод тарин, арчилж ургуулахад ихээхэн хэмжээний өөрчлөлт авчрахыг судлаачид хэлж байна.

Хашаандаа хүн бүр нэг мод тарихад агаарын бохирдол 50 хувиар буурна

-Гэр хороололд амьдарч буй 240 мянган айл өрх хашаандаа нэг мод тарьж чадвал агаарын бохирдол 50 хувиар буурна.

-Өрх бүр хашаандаа 1 кг зүлэгний  үр авч цацаад зүлэгжүүлэхэд  тоосжилт 80 хувиар буурна гэх судалгаа байна. Тэгэхээр тоосжилт, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэрэгт таны хувь нэмэр ч ихээхэн хэрэгтэй байх нь. Яг одоо үрсэлгээ, мод суулгац тарих улирал нь ирж байна. Иймээс ойрхон байгаа мод үржүүлэг, тарилгын газрыг зорин хашаагаа өөрийн хүссэнээр диваажин болгоорой.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Эрдэнэ-Очир “СХД-ийн 31-р хороонд анх уулын орой дээр зургаан жилийн өмнө газар авч байлаа. Хашаа маань хоосон, шарилж ч болтугай ургаасай гэж хүсдэг байсан. Харин өнөөдөр 17 төрлийн бут сөөг болоод хоёр ч хүлэмжтэй. Хэрэглээний жимс чацаргана, үхрийн нүд, нарийн ногоо өргөст хэмхээ өөрийн хүлэмжээсээ хураан авч жилийн турш хэрэглэдэг. Өөрөө тарьж ургуулсан өргөст хэмхийг хазаад идэхэд шүүслэг, жимсээрээ варень шүүсээ хийж, дархлаагаа дэмжинэ. Мод тарихад хамгийн гол нь үрсэлгээ, хөрсөө бэлдэх. Хөрсөө ямар ч чулуугүй болтол бэлдээд, ургах орчинг нь бүрдүүлж, хэт хүйтэн усаар услахгүй байх хэрэгтэй. Ингээд одоо харахад жимс , ногооны бут сөөгөө дагаад шувууд ч их ирнэ. Зундаа ногоогоо өглөөд усалчихаад, саадандаа сууж байхад мойл үнэртээд л үнэхээр сайхан. Хүмүүсийн хэлдгээр диваажин гэж байдаг бол би өөрийн диваажингаа бүтээсэн гэж боддог шд ” гэсэн юм.

Ийнхүү мод, суулгац суулгаад л болох биш түүнээ усалж, арчилж ургуулах нь үр ашгийг нь хүртэх  хамгийн чухал.  Үүний тулд харин үрсэлгээндээ анхаарч, ургах орчинг нь бүрдүүлэхийн тулд хөрс шороог нь сайтар шигшиж, ширхэг ч чулуугүй болгох. Үүний дараагаас харин суулгаад усалгаандаа сайтар анхаарах шаардлагатайг мэргэжлийнхэн зөвлөж байна. Хашаанд тарихад тохиромжтой арчилгаа бага шаарддаг нь улиас, хайлаас, шинэс, бургас, үхрийн нүд гэхчилэн газар хөрс голохгүй бутлаг ургамлыг санал болгож байна. Нөгөө талаар наранцэцэг, шар хуайс гэхчилэн цэцэглэдэг хашааг тань чимэглэх гоёлын ургамлыг зөвлөе.

 Дэлхийн дулаарал, агаарын бохирдлын эсрэг таны оруулах хувь нэмэр ердөө л энэ.  Хашаандаа хүн бүр мод тарьж, өөрийн ертөнц, диваажингаа бүтээцгээе.