УИХ-ын гишүүн
2022.05.12 15:58
4001
С.Амарсайхан та тансаг харшийн чинь цонхоор ил харагдах, алга дарам газраа иргэд эзэмшиж чадахгүй явааг мэдэх үү?

Хан-Уул дүүргийн 11-р  хороо, Дүнжингаравын ам буюу бидний сайн мэддэгээр Зайсангийн иргэдийн амьдрал тэнгэр, газар мэт ялгаатай ажээ.

Төрснөөсөө өтлөх хүртлээ тус газарт аж амьдралаа холбосон гарын арван хуруунд багтах уугуул иргэд өдгөө бууриа сахин үлдсэн байна.  Гэвч тэдэнд  амьдарч байгаа газраа эзэмшиж, аятай тухтай амьдрах нөхцөл өнөөдрийг хүртэл бүрдсэнгүй ээ.

Учир нь 2008 оноос хойш уугуул иргэдийн төлөөлөл болох 10 гаруй өрх амьдарч буй өчүүхэн газраа авах гэж хэдэн сайдын нүүр үзсэнээр учраа олохгүй байгаа талаар ярьж сууна.  Энэ нь ядарсан иргэддээ бус задарсан дарга нартаа үйлчилдэг нийгэм болсныг бэлхнээ харуулж байгаа юм.

 ДАРГЫН ТАНСАГ ХАУСНЫ ЦОНХООР ИЛ ХАРАГДАХ ЭГЭЛ АРДЫН БОР АМЬДРАЛ

Албан тусалгааны цонхоор амьдрал сайхан л харагдаж байгаа. Харин албаны цонхоор бус амины тансаг хаусныхаа цонхоор эгэл ардын бор амьдралыг эрүүн доороосоо шахуу тольдож  суухад таньд юу бодогддог вэ C.АМАРСАЙХАН ДАРГА АА.  Учир юу гэвэл Зайсангийн уугуул иргэдийн өдгөө амьдарч байгаа алга дарам газрын замын эсрэг талд Шадар сайд С.Амарсайханы  тансаг харш сүндэрлэнэ. Хөршүүдийнхээ аж амьдралыг сайд та мэдэх үү. Мэдсэн ч нүдээ аниад өнгөрдөг үү.  

САЙД НАРЫН ШИДСЭН ЧУЛУУНД ТӨӨРСӨН ЗАЙСАНГИЙН УУГУУЛ ИРГЭД

2015 оны 6-р сарын 12-нд БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол тушаал гаргажээ. Тодруулбал, “Богд хаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11-р хороо, Арцатын амны 4-р хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсугай” гэж.

Мөн 2019 онд тухайн үеийн сайд Н.Цэрэнбат Богд хаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон 48 иргэн аж, ахуй нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон туушаалыг хүчингүй болгосон байна.

Гэтэл жилийн дараа буюу 2020 онд  Н.Цэрэнбат сайд газар ашиглах эрхийг сэргээж, зориулалт өөрчлөх тухай тушаал гаргаж “аялагч, зөвшөөрөл бүхий бүсэд хүн түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар олгосугай” гэжээ.

Иргэдийн хэлж буйгаар тус газрыг “Хурд” групп авсан гэх бөгөөд ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй. Одоогоор үйл ажиллагаа эхлээлгүй нам гүм байгаа нь нэг л өдөр биднийг хөөж орхиод эзэн суух байх гэсэн айдастай байгаагаа нуусангүй. Энэ мэтчилэн үе үеийн салбар хариуцсан сайд нарын шидсэн чулуунд иргэд дунд нь хохирч үлджээ.

Бидний бодит амьдрал хүн бүрийн нүдэнд ил байхад тойроод  л тансаг гоё хаус сүндэрлэж, том компаниуд нь хувийн бизнесээ эхлүүлэх цаг дөхөж байгааг анхааралдаа авахыг хүссэн юм.   

Уугуул иргэдийн хүсэж байгаа ганц зүйл нь удам дамжин амьдарч ирсэн газраа өөрсдийн болгож, үр хүүхэддээ өвлүүлэхийг...  Гэтэл төрийн сайд нарын эргэж буцсан тушаал шийдвэр, тэнгэр газар мэт хоёр өөр ертөнцийн амьдрал нүдний өмнө ил. Харамсалтай нь өдгөө 9-н өрхийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.