Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.05.13 10:51
7380
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид алийн болгон айлаас давсаа хүртэл гуйж амьдрах юм бэ?

Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид алийн болгон айлаас давсаа хүртэл гуйж амьдрах юм бэ?

У.Хүрэлсүх: "Өнгөрсөн 2021 онд л гэхэд 1 тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авсан байна.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа элсэн чихрээ 100 хувь,тахианы мах ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах юм бэ?

Хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хол хүнсээр дамжих өвчний дэгдэлт байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг давхар харуулж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын  уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна!"