Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ-ын гишүүн
2022.05.13 16:34
3297
С.Бямбацогт: Зөвшөөрөл, гарын үсэг болгоны цаана хүнд суртал, авлига байдгийг цэгцлэхийн тулд Зөвшөөрлийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт дөрвөн жилийн хугацаанд гацаад байгаа Зөвшөөрлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн баталж, зөвшөөрөл олгох нэрийн цаана явагдаж буй авлигал, хүнд суртал, шан харамжийг таслан зогсоох шаардлагатай байгаа тухай хатуухан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “УИХ-ын нэр бүхий 22 гишүүний хамтаар Зөвшөөрлийн хуулийг 2019 оны 3 сард санаачлан өргөн барьсан. МУ-ын Засгийн газраас мөн Зөвшөөрлийн хуулийг 2019 онд өргөн барьсан. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээд 4 жилийн хугацаа өнгөрч, ард иргэд, ААН-үүдийн маш их хүсэн хүлээж байгаа энэхүү хууль батлагдахгүй хүлээгдэж байна. Зөвшөөрлийн хуульд УИХ зөвшөөрөл олгоочээ гэж хэлмээр байна. Энэхүү хуульд зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх зарчмыг энэ хуулиар тунхаглаж байгаа. Монгол хүний амь нас эрүүл мэнд, байгалийн баялаг ашиглах, МУ-н үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, байгаль хамгаалахтай холбоотой асуудал гэсэн үндсэн хэдэн чухал асуудал дээр тусгай зөвшөөрөл өгдөг байя. Үүнээс бусад бизнесээ ард иргэд, ААН-үүд чөлөөтэй эрхэлдэг байя аа гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. ​ 2001 онд зөвшөөрлийн тухай хууль анх батлагдсан байдаг. Энэ үед үндсэндээ төрөөс сумын Засаг даргаас Засаг дарга хүртэл 200 орчим тусгай зөвшөөрөл өгдөг байсан. 2019 онд хуулийн төслийг өргөн барих гээд судалгаа хийж байх үед тусгай зөвшөөрлийн тоо 1400 орчим болсон байсан. Энэ жил худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар энэ тоо 1600 болсон байна.

Ингээд үндсэндээ 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулахын тулд 8 төрлийн зөвшөөрөл авдаг болчихсон. Зөвшөөрөл болгоны цаана, гарын үсэг болгоны цаана хүнд суртал, шан харамж, авлигал явдаг. Энийг л цэгцлэе гэж байгаа юм. Ерөөсөө зөвшөөрөлтэйгөөс бусад нь хориотой, зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулна. Ийм үзэл баримтлалаар бид сүүлийн хэдэн жил МУ явж ирсэн. Тэгвэл зөвшөөрөл авдгаас бусад нь чөлөөтэй байх үзэл баримтлал руу шилжих нь зүйтэй. Энэ 1600 орчим зөвшөөрлийг 400 болтол нь цөөлье гэдэг агуулгаар хуулийн төслийг санаачилж боловсруулсан юм.

Гэтэл 4 жилийн хугацаа өнгөрөөд баталдаггүй, тэгсэн атлаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зөвшөөрлийн тоог цөөлнө, тусгай зөвшөөрлийг цөөлнө, хүнд суртлыг багасна гэж тусгасан. Ягаад бодит байдал дээр хүнд суртлаас салах хуулиа батлах тал дээр хойрго хандаад байна вэ гэдгийг асуумаар байна. Энэхүү хууль батлагдсанаар ард иргэдийн нуруу тэнийж, ААН-үүд бизнесээ чөлөөтэй эрхлэх боломжтой болно. Чөлөөтэй бизнес эрхэлдэг болсноор ард иргэд, ААН-н орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдсэн хэмжээгээр татвараа ахиу төлнө, татвар ахиу төлөх тусам улсын төсвийн орлого нэмэгдэнэ, эдийн засаг томорно шүү дээ. Нөгөөтэйгүүр далд эдийн засаг ил болно энийг бид тал талдаа бодолцмоор байна. Тийм болохоор зөвшөөрлийн хуульд зөвшөөрөл олгож, УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.