Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.16 13:33
14371
Х.Бээжин: Э.Бат-Үүлийн ярьсан шиг шившлэгтэй гурил биш, "Алтан тариа"-н цэвэр гурил байсан

Өнгөрсөн долоо хоногт Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын мэдээлэл хийж байх үед гурил цацсан иргэн Х.Бээжин мэдээлэл хийлээ. Тэрбээр, Монгол Орос хоёр орны харилцаа 100 жилийн түүхтэй. 1921 онд Ардын хувьсгалыг орос цэрэг, зэвсгийн тусламжтайгаар амжилттай хийсэн. Халхын голын дайнд мөн Орос улс бидэнд тусалсан. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд Орос улс тусалсан. Монгол Улс тусгаар тогтнолоо олоход тусалж ирсэн Орос улс, Оросын ард түмний ач тусыг бид мартаж болохгүй. Гэтэл Д.Сосорбарам, Э.Бат-Үүл нарын хүмүүс Монгол Оросын ард түмнийг хагаралдуулах арга хэмжээ, тархи угаалтыг удаа дараа хийж байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлж, эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр болох хоргүй бүтээгдэхүүн гурил, өндөг цацсан юм. Гурил, өндөг бол хоргүй бүтээгдэхүүн учир гэмт хэрэгт тооцогддоггүй юм билээ. Бид тавдугаар сарын 9-ний өдөр Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр очиж, Оросын ард түмэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлж, гурван орос дууг чанга яригчаар тоглуулсан юм. Тэр үед орос хүмүүс гарч ирж талархлаа илэрхийлж, зарим нь уйлж байна лээ. 
Өнгөрсөн үеэсээ өс санавал бидэн шиг муухай улс байхгүй. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ хүн алж хядаагүй юу. Үүнээс улбаалж дэлхийн тал хүн биднийг үзэн ядах юм уу. Үгүй шүү дээ. Сургамж авах болохоос өс санаж болохгүй ээ. 
Орос Украины дайны талаар бид ямар ч байр суурь илэрхийлээгүй, дайныг дэмжээгүй. Орос Монголын найрамдалт харилцаанд сэв суулгаж буй хүмүүстэй үргэлжлүүлэн тэмцэнэ гэв. Төр нь ажлаа хийхгүй байна. ОХУ-ын ЭСЯ-ны гадаа хориотой газар 12 удаа жагсаал хийгээд байхад тараахгүй , энэ хүмүүсийн толгойг илснээс бид аргагүйн эрхэнд ийм алхам хийж байна.  Ц.Элбэгдорж, Монголхүү, Э.Бат-Үүл, Д.Мөнх-Эрдэнэ бол монголчуудыг хагалан бутаргах гэж байгаа монголын дайсан. Энэ гурил хортой гэх яриаг Э.Бат-Үүл, Д.Мөнх-Эрдэнэ нар гаргаад байгаа юм. ОХУ-аас ирсэн хортой байна гээд байгаан. Би Д.Сосорбарам гуайд хандаж хэлье. Энэ хүмүүс таны нүдийг ухна шүү. Улс төрийн шоу хийхийн тулд хортой байсан гэж танаар далимдуулж нэр авах гэж байна. 

-Гурил цацсантай холбогдууулж Таныг шалгасан уу? 
-Хуулийн байгууллага шалгаж байгаа, шийдвэр нь гараагүй байна. Э.Бат-Үүлийн ярьсан шиг шившлэгтэй гурил биш, "Алтан тариа"-гийн цэвэр гурил учир шалгагдаад үнэн мөн нь тогтоогдох байх гэлээ.