Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.17 13:19
48214
НМХГ: Мах боловсруулах үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй, хугацаа дууссан цагаан нунтаг зүйл хэрэглэж байсан

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал сүүлийн үед гарсан мах экспортын компанид 150 тонн үмхийрсэн мах байсан. "Мах импекс" компанийн  хаяг шошгийг хуурамчаар ашигласан гэх мэдээлэлтэй холбогдуулан дотоодын хүнсний үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Нямбаатар:

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн мах боловсруулах үйлдвэрт МХЕГ шалгалт хийсэн. Үйлдвэрт хяналт шалгалт хийхэд мал эмнэлэг , ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй, агуулахын бүртгэлгүй болон Мөн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүйгээр үйлдвэрлэлд ашиглаж байгааг илрүүлсэн. Тухайн үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны мах, бодис хэрэглэсэн усны дээжийг лаборатиод шинжлүүлэхээр өгсөн. Гэсгээж байсан, усанд сойсон болон сойгоод гаргасан мах , нунтаг бодистой хольж миксердсэн гэхчилэн зургаан төрлийн махыг шинжилгээнд хамруулсан. Энэ үеэр “Мах импэкс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон.

Мөн "Витафит" үйлдвэрийн 900 грамм савлагаатай тарагнаас гадны биет илэрсэн гэх иргэний гомдол ирсэн. Тиймээс технологийн шат дамжлагад хяналт шалгалт хийсэн. Гомдол гаргагч иргэн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд худалдан авч,  28-нд таргийг хэрэглэх үед гадны биет илэрсэн гэж байгаагаас  хадгалтын горим зөрчсөн байж болзошгүй гэж дүгнэж байна. Учир нь бүтээгдэхүүний савалгаан дээр задалснаас хойш 3 хоногийн дотор хэрэглэх гэж заасан байгаа. 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний хадгалах хугацаа, зөвлөмжийг сайтар ажиглахыг хүсч байна. НМХГ-ын лабораторит 2022 оны нэгдүгээр улиралд 4200 гаруй сорьцыг шинжилсэн. Алдаа, дутагдал, зөрчлийг тухай бүрд нь шаардлага өгч залруулаад явж байна.