Засгийн газар
2022.05.18 10:09
1570
Хөгжлийн банкны 12 томоохон зээлдэгчийн асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв.

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна.

Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн.

Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байгаа. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой гэдгийг мөн тодотгов.