Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.18 11:34
47872
Эрчим хүчний нүүрсний уурхайчид нүүрсний үнэ нэмэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ээс нүүрсний үнийг төрөөс хатуу барьж байгаатай холбоотой ямар хохирол учирч байгаа талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 2 жил ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй ЗГ-аас иргэдийн амьжиргааг дэмжсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг айл өрхийн цахилгаан, дулааныг төрөөс 100 хувь хөнгөлсөн. Үүний тулд нүүрсчин тасралтгүй ажилласан. Өнгөрсөн 10-р сард үнэ тарифийг нэмэх шаардлага ЭХЗХ-нд хүргүүлэхэд ЗГ тодорхой арга хэмжээ авахаар ярилцаж байгаа талаар хэлсэн ч үнэ тарифийг нэмэхгүй байх шийд гаргасан. Энэ шийдвэрийн хугацаа дуусч байгаагаас ямар нөхцөл байдалд ажиллаж байгааг мэдүүлэхийг хүслээ.

Адуунчулуун уурхайн ҮЭ -ийн дарга н.Давааням: Манай уурхай Налайхын дараа ордог том уурхайн нэг. Дорнод бүсийн Эрчим хүчийг хангадаг. Гэтэл эрчим хүчний зохицуулах хорооноос манай борлуулж байгаа нүүрсний үнийг 2014 оноос 12600 төгрөгөөр тогтоосон. Тухайн үедээ 12600 төгрөгөөр түлш шатахуу аваад болж байсан. Өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд энэ үнээрээ нүүрсний үнээ борлуулж байна. Хөрсөө хуулж, ажиллаж, нүүрсээ олборлож, станцидаа өгөхдөө нэг тонн нүүрсийг 12600 төгрөгөөр буулгаж байна. Үүнээс гарч байгаа алдагдалд төрөөс ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлийн дөрвөн жилд 12600 төгрөгийг өсгөөчээ. Хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх шаардлага удаа дараа явуулсан. Бидний асуудлыг шийдэж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Сүүлийн дөрвөн жил 2,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Нэг тонн нүүрсийг 17352 төгрөгөөр олборлож байна. Тэгээд 12600-аар зарж байна. Нэг тонн нүүрс тутмаас бид 4752 төгрөгийн алдагдал хүлээж байна. Иймээс нэг тонн нүүрсээ ядаж 20 мянган төгрөгөөр борлуулах шаардлага хүргүүлж байна.

Багануурын уурхайн ҮЭ-ийн дарга О.Бат-Ирээдүй: Багануур ХК-ийн хувьд үйл ажиллагаа доголдож, санхүүгийн бэрхшээл үүссэн. 1100 гаруй ажилтантай. 44 дэх жилдээ үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. Төвийн бүсийн эрчим хүчний 60 гаруй хувийг дангаараа бэлтгэн нийлүүлдэг. Нэг тонн нүүрсийг 33500 төгрөгөөр станцуудад нийлүүлдэг ч 2019 онд нэмснээс хойш гурван жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Тухайн үед 1000 гаруй төгрөгийн алдагдалтай байсан бол одоо бараг 40 хувь буюу 13 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ сэлбэг материал, тос шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой. Одоо Багануур ХК-ийн хувьд ажилтныхаа НДШ-ийг бүтэн жил гаруй төлөөгүй.

Үүний хуримтлагдсан өр төлбөр 11 тэрбум, ХАОАТ 30 тэрбум, сэлбэг материалын өр төлбөр мөн 28 тэрбум төгрөгийн өр үүссэн. Шинэ Хөдөлмөрийн хуульд шөнийн цаг,илүү цагийн нэмэгдлийг төрийн өмчит компаниуд хэрэгжүүлж чадахгүй. Зөвхөн энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэмж 10 тэрбум төгрөг шаардлагатай.

Шивээ Овоо уурхайн ҮЭ-ийн дарга н.Алтанхүү: Манай уурхайн нэг тонн тутмын нүүрсээ 32428 төгрөгөөр олборлодог. Борлуулалтаа НӨАТ-гүйгээр 29060 төгрөгөөр борлуулдаг. Алдагдал тонн тутасмд 3381 төгрөгийн алдагдалтай ажиладаг. Энэ алдагдал жилээс жилд өссөөр 2021 онд 8,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ байдлаараа 2022 онд 8,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах судалгаа гарсан. Мөн нүүрсний үнийг төрөөс хатуу барьж байгаа нь ажилтны нийгмийн асуудал, гаргасан хуулиа хүчээр зөрчихөд хүрч байна. Шинэхуулиар шөнийн нэмэгдэл 1,2 хувиар бодох заалт гарсан ч одоо болтол олгоогүй явж байна. Мөн шатах тослох материал, тэсэлгээний үнэ, түлшний нэмэгдлээс үүдэж алдагдал нэмэгдэж байна. Манай уурхай он гарсаар 64 хүн ажлаас  өөрийн хүсэлтээр гарч байгаа нь уурхай ажиллах  32 жилийн хугацаанд гарч байгаагүй харамсалтай хэрэг. Ажлаас гарч байгаа хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн хүмүүс болон уурхайд тогтвор суурьшилтай ажилласан дадлага туршлагатай хүмүүс гарч байна.  Иймээс эрчим хүчний зохицуулах хороо, УУХҮЯ яаралтай арга хэмжээ авч нүүрсний үнэ нэмэхийг шаардаж байна. Хүсэлтийг авч үзэхгүй, хойшлуулвал дараагийн үе шатанд шилжиж, магадгүй ажил хаялт зарлаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэлээ.