Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.26 15:51
3173
МХЕГ: Дулааны боловсруулалт хийгдсэн мах зах зээлд нийлүүлэгдээгүй, экспортод гарахаар төлөвлөгдсөн байсан

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Эм Ди Си Пи компанийн мах боловсруулах үйлдвэрийн уснаас дээж авч тавдугаар сарын 11-нд шинжлүүлсэн.

Мөн үйлдвэрт хэрэглэж байсан уусмалыг шинжлүүлсэн. Тухайн уусмал чанарын шаардлага хангаагүй байсан. Уусмалын найрлагад 92.8 хувийн  цардуул, нитрит, натрийн хлорид их хэмжээгээр агуулсан байсан.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар: Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал цэвэрлэгээ хийсэн бүртгэл хөтлөөгүй.

Гарал үүсэл нь тодорхойгүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан учир зөрчлийн хэрэг нээсэн. Ингээд үйл ажиллагааг нь түр зуур зогсоосон. 

Мөн НМХГ-аас тус мах зах зээлд нийлүүлэгдээгүй буюу худалдаагүй. Хяналт шалгалтын хүрээнд тус мах дулааны боловсруулалтад орж, экспортод гарахаар төлөвлөгдөж байсан. Шалгалтын эцэст хураах, устгах эсвэл улсын орлого болгох эсэх нь тодорхой болно гэдгийг хэллээ.