2022.05.30 10:27
862
Ховд, Хөвсгөл аймгийн нутгаас олдсон гурван бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн тайгад нь буцаан тавьжээ

Ховд, Хөвсгөл аймгийн нутгаас олдсон гурван бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн тайгад нь буцаан тавьжээ.Тодруулбал өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавих ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Уг баавгайн бамбаруушуудийг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрчээ.

 

Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаасан юм. Уг ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл оролцож, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Animals Australia“ байгууллагын эрдэмтэд болон Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад талархал илэрхийллээ.

 

Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах зэргээр хамгаалах арга хэмжээг авдаг байна.