Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийслэл
2022.05.30 17:53
1842
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа

Нийслэлийн нутагт дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталлаа.

Журам батлахтай холбогдуулан дүүрэг бүрт болон нийслэлийн хэмжээнд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай бөгөөд өмнөх журамд зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтаасан байна.

Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээнүүдийг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг бүгдийг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхигдсон нүдний шилний  захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж байгаа нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Өнөөдөр нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна.

Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцолсон.  

Энэхүү нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлуудыг арилгахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.