Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр covid-19-ын 4 тохиолдол илэрч, хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.
Үүнд: Сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байгаа юм. Зарим иргэд хүнсээ бэлдэж эхэлсэн байдалтай байна. Одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийг ГХЯ-наас өглөө.