УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт хийж байна. Хэлэлцүүлэг, уулзалтад УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байгаа юм.
Үйл ажиллагааг нээж УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэлд ногоон байгууламжтай, ая тухтай орчин бага байна. Иймээс УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцсон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Нийслэлд хийж байгаа ажлыг УИХ-ын түвшинд хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлгээр ярилцана” хэмээсэн юм.
Хотын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын тухай товч танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2, Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Хот тохижилтын салбарт 2022 оны төсвийн жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 97 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 8м2-т хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.