Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаярын эзэмшил дээр байдаг "ХКҮ" компанийн "Баянгол" зочид буудалд байрлах оффист ЭЦА-наас хяналт, шалгалт хийжээ.
Тодруулбал, Эмээлтэд байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрт Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас шалгалтын ажиллагаа явуулах үеэр гарал хугацаа нь дууссан цардуул хэрэглэж байсан бөгөөд тус цардуулнаас формальдегид бодис 0.845 мл илэрсэн.
Мөн тус үйлдвэрийн байрнаас “ХКҮ” болон “Мах импекс” компанийн логог наасан бүтээгдэхүүнүүд олдсон байдаг. Дээрх хяналт шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм.
Прокуророос хэргийн харьяаллыг тогтоож эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсний дагуу ЭЦА-наас нэр бүхий ААН-үүд нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн худалдаалж, экспортолсон байж болзошгүй гэх хэрэгт прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.