Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.06.10 22:39
4868
Б.Бат-Эрдэнэ: Эрхэм зөвлөх өө! Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас

Дугуй цагаан хэмээн олны нэрлэж заншсан Богдхан амралтын газрын 49 шавар гэрийг албадан буулгасан нь хэл ам дагуулаад буй.

Эсэргүүцэлтэй тулгараад байгаа тус асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбар өгсөн. Энэ үеэрээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандаж, ширээнийхээ ард нуугдаад суулгүй ажлаа хий гэх мэтээр үг дайсан байдаг.

Тодруулбал; "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнт болон нөөц газруудад үе үеийн Байгаль орчны сайд нар хууль зөрчиж газрын зөвшөөрөл олгосон.  

БОАЖ-ын сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүл, ажлаа хий. Ширээнийхээ ард нуугдчихаад суугаад байж болохгүй.

Хууль бусаар ашиглаж байгаа асуудал дээр нийслэлтэй хамтран ажиллах ёстой болохоос хувийн өмчийг хамгаална гээд сууж байж болохгүй" гэсэн юм.

Тэгвэл, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариу тайлбар хийлээ.

Тэрээр; Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх гэж Д.Мөнх-Эрдэнэ. Харамсалтай. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс хэрэгжсэн хэвээр гэдгийг хэлье. 

Дунд голын сав газарт Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас. Мөн үүнд оролцсон авлигачдаа хуулийн байгууллагад шалгуул.

Голын хамгаалалтын онцгой бүсэд хууль зөрчин газар олгосон захирамжаа цуцал гэсэн шаардлагыг 60 хоногийн өмнө хүргүүлсэн. Яагаад 60 хоног таг байв? Яагаад 60 хоногт хуулийг уландаа гишгэгчид 3-4 давхар байшин барьж амжив? Хуульд нийцсэн, шударга хариулт хүсье. 

Мөн БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин бүхий орон сууцны хороолол, хаус хотхон барих зөвшөөрлийг Нийслэл олгох замаар өнөөдрийн байдалд хүрсэн. БОАЖЯ нь эдгээр зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар Дархан цаазат Богд уулаа хамгаалах шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон
2. Богд уулын хамгаалалтын бүсийг 5562га газраар тэлж нэмж газар олгох боломжийг хуулийн дагуу хаасан
3. Богд уулын зүүн талыг газар олголтыг цуцалж ногоон хэрэм байгуулах шийдвэр гаргасан
4. Туул голын урд хөвөөгөөр олгосон газруудын эрхийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн
5. Уугуул иргэдийн асуудлуудыг шийдвэрлэсэн зэрэг

Иймд хуулийн хүрээнд идэвхи санаачлагатай хамтран ажиллаж бодит үр дүн гаргахыг Нийслэлийн Засаг даргын эрхэм зөвлөхөөс хүсье" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.