Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч найз залуу гэх этгээдэд буудуулж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Хэрэг үйлдсэн этгээд тухайн үед амиа хорлосон бөгөөд тус хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш мөрдөн байцаах ажиллагаа явагджээ. Гэвч долоон сар өнгөрч байхад дорвитой шийдвэр гаралгүй, хэрэг хаагдсан байна. Тиймээс талийгаач охины аав ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УЕП-ын дарга Б.Жаргалсайханд хандаж үнэн зөвийг тогтоон, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүслээ.
Талийгаачийн аав:
"Өвөрхангай аймгийн прокурорын газар жирийн малчин биднийг үл тоомсорлож, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаад гомдолтой байна. Гэмт этгээд амиа хорлож хариуцлага тооцох боломжгүй болсныг ойлгож байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн этгээдийг шалгалгүй, зөвхөн нас барсан этгээдэд холбогдох мөрдлөг явуулсантай эвлэрэхгүй. Тухайлбал, галт зэвсэг худалдах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ сум худалдаалсан этгээдийг шалгаагүй. Энэ нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдын амь насыг хохироход хүргэсэн сургуулийн захирал бусад холбогдох албан тушаалтнуудыг ч шалгаагүй. Эдгээр хүмүүс миний охины аминд хүрсэн этгээдийн ард нуугдаад үлдлээ. Эцсийн шийдвэр гартал би тэмцэнэ.