Монгол Улс авто зам, төмөр зам, боомтгүйгээр хөгжил яриад “хэрэггүй”. Чухамдаа эдгээр бүтээн байгуулалт бий болсноор улсын эдийн засаг урагшилж, тогтвортой оршин тогтнохын үндэс болно. Бид стратегийн голлох бүтээгдэхүүн болох нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хоёр боомтоор л экспортолдог. Тэгвэл цаашид боомтын тоог нэмэгдүүлэх шаардлага бий болсон. Эдийн засгийн эргэлт, улсын хөгжлөө том зургаар нь харвал...
Уг нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын “Цагаан дэл Уул- Өлзий” боомт барих гэрээг 2014 онд Хятадын талтай хийжээ. Тодруулбал 2014 онд Монгол улсын Засгийн газар урд хөрштэйгөө зөвшилцөлд хүрч, Хятадын талаас “Цагаан дэл Уул- Өлзий” боомтыг нээхийг зөвшөөрсөн нот бичиг ирүүлсэн ч өнөөдөр бодит байдал дээр ажил урагшлах нь бүү хэл бүр гацжээ.
Тус боомт нь Олон улын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарц болохын зэрэгцээ Хятад-Монгол хоёр улсын “жишиг” боомт болгохоор талууд харилцан төлөвлөж байж.
Гэхдээ боомт нээх үлгэр аз болж арай жаргаагүй байна. Баруун нарангийн 32 км замаас “Цагаан дэл Уул-Өлзий” боомт хүртэл 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, боомтоо нээх шийдвэрийг 2018 онд гаргаж байв. Тус замыг “Ундрах говь” компани концессийн гэрээгээр 270 км зам барихаар болж, 2021 оны арваннэгдүгээр сард барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авчээ. Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулсан ч бас л ажлаа үргэлжүүлж чадахгүйд хүрэв.
Бодвол хэн нэгэн эрхмийн хувийн эрх ашиг улсын хөгжлөөс илүү хөндөгдсөн учир бүтээн байгуулалтын том ажилд саад учирч байж мэдэх. МУ-ын эдийн засгийн эргэлт, хөгжлийн асуудалд хэн гэх ч эрх мэдэлтэн чөдөр тушаа болов оо.
“Цагаан дэл Уул-Өлзий” боомт хүртэл 270 км зам ашиглалтад орсноор Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх Орос, Хятад цаашлаад Азийн бусад орнууд руу тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр зам дагуух үйлчилгээний цогцолбор, засвар үйлчилгээ, бичил бизнесийн орчин бүрдэх боломжтой.
Ийнхүү хөгжлөө бодсон бүтээн байгуулалт эхэлснээр Монгол, Хятад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих, гадаад валютын урсгал ч мөн өсөн нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой байхад нутгийн иргэд нь эсэргүүцэж, төр засаг нь гацааж орхилоо.
БНХАУ-ын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны харьяа Хилийн боомтын Үндсэн захиргаанд 2022 оны 5 дугаар сарын 30-нд хандан Монгол, Хятадын “Өлзий- Цагаандэл уул” боомтыг нээж байгуулахад идэвхтэй, тогтвортой хамтын ажиллааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх тухай захидал хүртэл ирүүлсэн байдаг.
Гэвч Засгийн газрын тэргүүн саяхан Өмнөговьд ажиллах үеэрээ Цагаандэл уул-Өлзий боомттой холбоотой 2014 онд гаргасан шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлэх талаар мэдэгдээд авчээ. "Цагаан дэл Уул" боомтын хувьд одоогоор Монголын төрөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт ороогүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийнхөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Яаралтай авто зам, төмөр зам, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулж, сүр дуулиантайгаар боомтуудын тоог нэмж, жишиг болгоно хэмээн хэлж байснаа нэг санаад, ЗҮГЭЭР ЗАМАА ХУРДАН БАРИАД, БООМТОО ТҮРГЭН БОСГО, НЭЭ...