Б.Хулан
ажлын алба
Боловсрол
2022.06.18 18:25
1584
Түүхэн, уран зөгнөлт зохиолын “Хар авдар” ном уншигчдад хүрлээ

Залуу зохиолч Д.Уранбилэгийн “Хар авдар” хэмээх түүхэн, уран зөгнөлт номын нээлт өчигдөр /2022.06.17/ боллоо. Зохиолын агуулга хамаг Монголын анхны хаан Хабулын зарлигийг эс биелүүлсэн бөөгийн тухай өгүүлэх бөгөөд тэнгэр үзэл, бөө мөргөлийн зан үйл, бодит амьдрал болон ид шид далд ертөнцийн хоорондын үйл явдлыг харуулжээ.

Бичлэгийн өвөрмөц содон хэлбэр, уран сэтгэмжийн хэв шинжтэй “Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь цаашид жүжгийн зохиол, кино зохиол болох боломжтой даацтай бүтээл болсныг номын редактор онцоллоо.  Мөн “Хар авдар” ном нь монголын бодит түүхэн үйл явдлыг өгүүлж байгаагаараа танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна зөн билэг, ид шид, сонирхолтой үйл явдал нь уншигчдыг уйдаахгүй хөтөлнө гэдгийг номын анхны уншигч хэлж байлаа.

Зохиолч Д.Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 6 дахь уран бүтээл бөгөөд “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн туужууд нь уншигчдын хүртээл болсон. “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь Япон болон БНХАУ-д хэвлэгджээ. Номын нээлтийн үеэр зохиолч Д.Уранбилэг “Хар авдар” тэргүүт зохиолуудаараа Монголын зохиолчдын эвлэлээс олгодог Т.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртлээ.