Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.06.21 13:26
3310
БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас тус улсад ял эдэлж байгаа 14 Монгол иргэдээ эргэж, уулзжээ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзжээ.
Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгсөн байна.
Чонаны хорих ангид манай улсын 12 иргэн, Тэжонд 2 иргэн тус тус ял эдэлж байгаа бөгөөд хорих ангийн удирдлагын зүгээс иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлжээ.
Тус ЭСЯ-наас хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, сэтгэл санааг дэмжих, оюун ухааны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн санхүүжилтээр худалдаж авсан Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий 60 гаруй номыг хүлээлгэн өгч, номын сангийн тохижуулалт, үйл ажиллагаатай танилцсан гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.