Б.Урантуяа
сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.06.21 19:06
992
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаа уул уурхайн салбартай нягт уялдана

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу /2022.06.21/-ны өдөр Орхон аймагт ажиллалаа. Түүнийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар хамт Орхон аймагт ажиллаж, “Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцав.

2012 онд болсон НҮБ-ын уулзалтаар ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хөгжүүлэх зөвлөмж гарснаас хойш дэлхий дахинд “Ногоон хөгжлийн бодлого” эрчимтэй явагдсан. Үүний хүрээнд манай улсад уг зөвлөмжийн  дагуу олон баримт бичиг УИХ-аар батлагдаж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээр эх орондоо тэрбумаар тоологдох мод тарихаа мэдэгдсэн үеэс энэ үйл ажиллагаа өргөн цар хүрээнд тархаж байна.

“Ногоон хөгжил” гэдэг нь зөвхөн мод тарих асуудал биш. “Тэрбум мод” тарих нь “Ногоон хөгжлийн бодлого”-ын  зөвхөн нэг хэсэг нь.  Үүнийг дагаад үйлдвэр үйлчилгээ, эрчим хүч, уул уурхайн салбарт эерэг өөрчлөлт бий болно гэдгийг судлаачдын дүгнэлтээс харж болно. Ялангуяа  уул уурхайн салбарт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн том өөрчлөлт авчирна гэж үзэж байна.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ

Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Ачит ихт” ХХК-ийн хувьд катодын зэсийн үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг экспортод гаргаж байна. Тус компани “Тэрбум мод”” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Далайн хошууны шинэс” ХХК-ийг байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шар чулуутын аманд мод үржүүлгийн газар байгуулсан байна. Ингэснээр 10 жилийн хугацаанд  нийт гурван сая мод тарьж ургуулах юм.

 

   МОНГОЛ УЛСЫН БААТАР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ МОНГОЛЫН АНХНЫ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Монголын анхны ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

    Мөн УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хууль хэлэлцэн, баталсантай холбогдуулан”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ –аас “Үр ашигтай хөрөнгө оруулалт-Хэмнэлтийн бодлого” уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Үүнээс гадна “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалтынхаа хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй цогц дэд бүтцийг бий болгохоор зорьж байна. Улмаар 1000 тонн хүчин чадалтай модны үрийн ,биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн геэнетик нөөцийн төв , жилд 500м куб микориз бүхий хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьж гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам 820ММ ган хоолой татах ажлыг захиалж “Бриджконстракшн” ХХК, “Хаппи Бьюлдинг “ ХХК нараар гүйцэтгүүлжээ. Энэхүү ажилд нийт 106.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг зарцуулсан бөгөөд 60 жилийн турш цэвэр усаар хангах боломжтой, зэвэрдэггүй гэдгээрээ онцлог юм.

 Монгол Улсад уул уурхайн салбар хөгжсөн орон нутгуудын нэг бол Орхон аймаг юм. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тус аймгийн хувьд боломж болж байгааг аймгийн удирдлагууд “Ногоон-Эрдэнэт” арга хэмжээний үеэр хэлж байсан. Тухайлбал цагаан тоос, агаарын бохирдол гэх мэт зүйлүүд ихээр яригдах болсон энэ үед шийдэл болж байна гэж үздэг.