Гадаад мэдээ
2022.06.22 08:49
2716
Калининградын транзит тээврийг зогсоосон Литва улсаас хатуу хариу авахаа ОХУ-ын өндөр албан тушаалтан амлав

ОХУ-ын хуурай газраар таслагдсан газар нутаг болох Калининград чиглэлийн транзит ачаа тээврийг энэ долоо хоногоос эхлэн зогсоосноо Литва улсын эрх баригчид мэдэгдээд байгаа.Энэ нь Украины дайнтай холбоотой Европын Холбооноос тавьсан хориг арга хэмжээний нэг хэсэг болохыг Вильнюсийн эрх баригчид тайлбарлажээ.

Москвагийн удирдагчид уг шийдвэрийн төлөө Литва улсад хатуу хариу арга хэмжээ авахаа ээлж дараалан амлаж байгаа.Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт КГБ-ын ажилтан асан, ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев дахин Литва улсыг сүрдүүлжээ.

“Орос улс ийм дайсагнасан үйлдэлд хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тохирох хариу арга хэмжээг яам хоорондын шугамаар боловсруулж байна. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно. Үр дагавар нь Литвийн хүн амд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Патрушев ярьсныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Балтийн тэнгисийн эрэгт оршдог Калининград мужтай харилцахдаа ОХУ-ын бусад бүс нутгууд заавал Литва улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх хэрэгтэй болдог. Тэнгисийн тээвэр боломжтой ч Литвийн нутгаар дамжсан төмөр замын тээвэр нийт ачаа эргэлтийн тал орчим хувийг эзэлдэг байна.“Олон улсын гэрээ бүрийг зөрчсөн байх магадлалтай улс хууль дүрэм сахихыг бусдаас шаардах нь инээдтэй хэрэг. Бид Калининградыг хааж боогоогүй. Зөвхөн Европын Холбооны хоригийг хэрэгжүүлсэн” гэж Литва улсын ерөнхий сайд Ингрида Шимоните өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.Калининград нь түүхийнхээ ихэнх үед Дорнод Пруссийн нийслэл Кёнигсберг боомт байсан юм. 1945 онд Зөвлөлтийн Улаан Арми тус боомтыг Нацист Германаас булаан эзэлж, дайны дараа өөртөө нэгтгэж байв.Калининград нь НАТО болон Европын Холбооны гишүүн Польш, Литва улсуудын завсар хавчуулагдсан хагас сая орчим хүн амтай муж юм.

 

Эх сурвалж: Reuters