Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж буй барилгын дээрээс кран унаж, тухайн газарт ажиллаж байсан 20 болон 36 настай хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Уг баригдаж буй барилга “Номин реалтор ХХК"-ийн эзэмшлийн газар бөгөөд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын ажил явагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 2020.03.27-ны өдрийн А/433 тоот захирамжаараа энэ газрыг Номин реалтор ХХК-д олгож байсан аж.
"Номин реалтор ХХК"-ийн гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол эзэмшигч нь Ш.Баярсайхан гэх... Тэрээр “Номин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга.
Тэгвэл тухайн осол гарсан барилгын захиалагч "Номин реалтор" компани нь “Номин холдинг” ХХК-ийн салбар байгууллага билээ.
Мөн хэргийн газарт амиа алдсан хоёр иргэний ар гэр болоод барилга дээр ажиллаж байсан иргэдийн ар гэрийнхэн мөн ирсэн бөгөөд "Дотогш нэвтрүүлэхгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй. Хөгшин настай хүмүүс халуун наранд ухаан алдаж унах гээд байхад тусламж ч үзүүлэхгүй дөрөв, таван цаг хүлээлгэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллаагүй тухайн барилгын компанид гомдолтой байна" гэдгийг хэлж байсан юм.
Тухайн хэргийг харсан эх сурвалж, "Гэнэт маш чанга чимээ гараад л кран унасан. Барилга дээр ажиллаж байсан ажилчид тал тал тийшээ гүйх үеэр нэг хүн барилга дээрээс уначихсан. Үйл явдлыг нүдээр харсан тул маш их цочирдлоо" гэдэг мэдээллийг өгөв.
Энэ сарын 18-ны өдөр мөн үүнтэй ижил осол буюу барилгын дээрээс кран унасан осол бүртгэгдээд байсан бол өнөөдөр Номин реалтор компанийн захиалгаар барьж буй барилга дээр мөн л кран унаж хоёр хүний халуун амийг авч одлоо...