Орон нутаг
2022.06.22 20:29
1773
З.Оюунтуяа: Ерөнхийлөгчийн санаачилсан ажил бидний мэдлэг чадвараа үнэлүүлэх боломж боллоо

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах “Домогт шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа.

   Энэхүү мод үржүүлгийн газар нь анх 1996 онд “Домогт” ББНөхөрлөл хэлбэрээр үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод боловсруулах цех ашиглалтад оруулах, ойн генийг хамгаалах төсөл хэрэгжүүлэх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа эрхэлсээр иржээ. Мөн Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд нэг сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

   Мөн “Улаан ном”-нд орон, нэн ховордож буй Жодоо модыг үрслүүлж байгаагаараа онцлог.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийг ажиллах үеэр  “Домогт шарын гол” ХХК-ийн захирал З.Оюунтуяа түүнд маш чухал ач холбогдолтой ажил санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлж, “Та санаачилсан-Бид хэрэгжүүлэхэд бэлэн”  гэлээ.

   “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Байгаль орчны салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болж эхэлжээ. Тухайлбал тус салбарын мэргэжилтэн, боловсон хүчингүүд мэдлэг чадвараа үнэлүүлэх боломжтой болж,ажлын байр нэмэгджээ. Мөн олон нийтийн дунд мод тарих хүсэлтэй, мэдлэгтэй хүмүүс олширсон байна. Цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөх зүйл бий гэдгийг аж ахуйн нэгжийн төлөөлөл хэллээ. Үүний нэг нь моджуулах ажлыг хувь хүн, нөхөрлөл хийх боломжийг эрхзүйн орчинд тусгах юм.