Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.06.23 13:56
5700
"М.Энхболдыг тайзнаас нь буулгасан шиг, Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн шигээ Монголыг удирдаж болохгүй"

Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цагаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, НБ-ийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн УИХ, Засгийн газар огцорч, улс төрийн хариуцлага хүлээх цаг болсон талаар мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж гэдэг энэ хоёр хүн л авч байна. Энэ хоёр хүний нэг нь манай улсын гал тогоог, нөгөөх нь уураг тархийг нь барьж байна. Гэхдээ энэ хоёр хүн улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй гэдгийг одоог хүртэл ойлгоогүй юм шиг байна. Улсыг захирахад ухаан зарах хэрэгтэй байдаг болохоос сэтгэл хөдлөлөөр ханддагүй юм.

Та нар М.Энхболдыг тайзнаас нь буулгасан шиг, Н.Номтойбаярыгаа намаасаа хөөж явуулсан шиг Монгол улсыг удирдаж болохгүй. Ардчилсан улсыг тэгж удирддагүй юм. Энэ Монгол улсын Засгийн газрын ухааны хөвч хоёр жил болохгүй хугацаанд тасарч байгаа юм байна. 

Хувийн өс хонзонгоор Монгол төрийн ажлыг хийдэггүй юм.  Ухаан зарж чадахгүй бол Монгол төрөөс холдож, улсдаа бүү гай бол. МАН боловсон хүчин, хүний нөөцөөр хахаж цацаж байгаагаа ярьдаг. Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх аавын хүү алга уу? Ц.Нямдоржоос өөр гал тогоо барих хүн алга уу? Ц.Нямдоржоос юу ч гарахгүй, шоронжсон хуулийг л хийж чаддаг хүн. Энэ УИХ одоо тарах хэрэгтэй.

Үндсэн хуулийн өөрчөлтийн тал дээр ард түмнээ загасны санах отой гэж бодоод байх юм. 2, 3 жилийн өмнө өөөрчлөлт оруулаад ямар ашигтай байсан бэ?  Үндсэн хуульд ингэж хандаж болохгүй. Урьд нь энэ бүгдэд АН л буруутай байсан бол одоо өөрсдөө зургаан жил эрх бариад буруугаа Үндсэн хууль руу чихэж байна. Эрээний хил нээгдэхгүй байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ? Шатахууны үнэ өдөр тутам нэмэгдэж байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ? Ард түмний цалин хөлс үнэгүйдэж байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ?

Одоо бид энэ Засгийн газрыг огцрох хүртэл шахаж ажиллана. АН-ын бүлгийн дарга нь дүүргийн бөх арслан цолтой байх талаар ярьж байна. Ямар их ухаан бэ? Өөр санаа зовох зүйл алга уу?