Улс төр
2022.06.27 15:59
3927
Хүнсний аюулгүй байдал алдагдсанаар монгол хүний эрүүл мэндийн байдал улам дордож байна

Өнөөдөр буюу /2022.06.27/-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн Корпорэйт конвешн центрт зохион байгуулагдлаа.

   Энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд Шинжлэх Ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

   “Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг. Гэвч манай улсад энэ боломж, нөхцөл алдагдсан гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.

   Монгол Улс хүнсний хэрэглээнийхээ дийлэнх хувийг буюу жилд 1 тэрбум ам.долларын хүнсийг гаднын улсаас импортлож авч байна. Энэ нь нийт иргэдийн эрүүл мэнд цаашлаад эдийн засагт хохирол учруулдаг. Ялангуяа сүүлийн үед бага насны хүүхдүүд хорт хавдараар өвчилж байгаа нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэж эрдэмтэд үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ыг санаачлан орон даяар хэрэгжүүлж эхэлсэнд тус салбарын эрдэмтэд, боловсон хүчингүүд, баялаг бүтээгчид бүгд талархаж байна.

   Хүн амын хоол тэжээлийн талаар болон хүнсний аюулгүй байдлын талаар хийсэн судалгаа Монгол Улсад их бий. Үүний нэг нь Нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хийсэн таван шатны судалгаа юм. Судлаачдын хийсэн Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа болон Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаануудын бодит үр дүнгээс харахад Монгол хүний эрүүл мэндийн байдал улам бүр дордож байна гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг зөвлөгөөнд тавьсан илтгэлийнхээ үеэр хэлж байв. Ялангуяа халдварын бус өвчлөл манайд ихсэж байгаа бөгөөд 5-10 хүн тутмын 1 нь ямар нэг халдварын бус өвчтэй гэсэн судалгаа гарчээ.

   Хүнсий аюулгүй байдлыг бий болгохын тулд үйлдвэрлэл, технологийн бүх шатанд анхаарал хандуулах ёстой байдаг. Иймд малын эрүүл мэнд, малын идэш тэжээл, хөрсний бордоо гээд олон асуудал хөндөгдөж байв. Үүнээс харахад Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь олон салбарт үр өгөөжөө өгөх юм.

Мөн өнөөдрийн зөвлөгөөнд эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчдийн зүгээс дараахь асуудлыг хамгийн нийтлэг дэвшүүлж байв. Үүнд:

  • Малын эрүүл мэндэд анхаарч тус салбарын боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Судлаачдыг тасралтгүй бэлтгэж, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ажиллах боломжоор хангах
  • Монгол хүний судалгаа, өгөгдлийн санг бий болгох
  • Хүнс үйлдвэрлэх, боловсруулах бүхий л шатанд анхаарах гэх мэт асуудлууд хамгийн ихээр хөндөгдлөө.