Нийслэл
2022.06.27 16:27
2611
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд орох аадар борооны улмаас үер буух магадлал өндөр байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн олон жилийн дундаж түвшин 10-60 см, Улз голын дунд болон адгаар үерийн түвшнийг 5-15 см давсан байдалтай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөв.

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Өнгөрсөн онтой харьцуулахад, гал түймэр, гамшгийн тоо 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Зургаадугаар сарын 18-нд орсон борооны улмаас үерийн 85 дуудлага бүртгэгдсэн. Аврах ангиуд найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр, мөн таван байшингийн дээвэр нурсныг мэргэжлийн байгууллагатай хамтарч, арга хэмжээ авч ажилласан.Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэв.Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5,000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварчээ. Он гарснаас хойш таван том хүн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алдсан байна.