Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2022.06.28 22:31
4378
Ч.Мөнхбаярт гадаадын тагнуултай хамтран ажилласан хэргээр 10 жилийн хорих ял оноолоо

ТЕГ-аас Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын  байгууллагын үүрэг даалгавар  санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон тул баривчлаад байсан юм.

ТЕГ-аас түүний гэрт хуулийн хүрээнд  нэгжлэг хийхэд их  хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Ч.Мөнхбаяр  гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл, шүүхээс Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болов.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.