Гадаад мэдээ
2022.06.29 10:03
3535
Нацистын хорих лагерийн харгалзагч асан 101 настанд Германы шүүх таван жилийн хорих ял оноожээ

Германы шүүх өчигдөр Нацистын хорих лагерийн харгалзагч асан 101 настанд таван жилийн хорих ял оноожээ. Ялтан Иозеф Шульц нь дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдээс хамгийн өндөр настайдаа шийтгүүлсэн хүн болж байна.

 

Тэрбээр 1942-1945 оны хооронд Берлин хотоос хойд зүгт оршдог Ораниенбург дэх Заксенхаузен хорих лагерьт ажиллаж байжээ.Шульц өөрийгөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, лагерьт юу болж байсныг огт мэдээгүй хэмээн мэдүүлж байв. Гэвч прокурорууд түүнийг 3,518 хоригдлын амийг хөнөөхөд оролцсон, аллагыг сайн мэдэж, ухамсарлаж байсан гэж буруутгажээ.

1936-1945 оны хооронд Заксенхаузенд 200,000 гаруй хүн хоригдож байсны дотор жүүдүүд, цыганууд, ижил хүйстнүүд, нацизмыг эсэргүүцэгчид байсан гэдэг.Тэдгээрээс олон арван мянга нь хүнд хүчир хөдөлмөр, анагаах ухааны туршилт, өлсгөлөн, өвчний улмаас амь үрэгдсэн юм.Өндөр настай гэсэн шалтгаанаар Шульц ялаа биеэр эдлэхгүй юм байна. Гэхдээ тэр шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian