Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.06.29 16:08
11551
М.Рысбек: Казах хүүхдийн хувьд Монгол хэл бол гадаад хэл

2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалт /ЭЕШ/ амжилттай болж өнгөрлөө. Шалгалтын үеэр хэд хэдэн санал гомдол иргэдийн зүгээс гарснаас хамгийн ихээр олны анхаарлыг татсан сэдэв бол үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаарх асуудал байв.

Уг асуудлаар Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Ирэх есдүгээр сарын нэгнээс хос хэлний хөтөлбөр хэрэгжиж Баян-Өлгий аймгийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа монгол, казах хэлийг зэрэг суралцдаг болох талаар зургаадугаар сарын 27-нд мэдээллэж байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан М.Рысбек өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Монгол хэлний хичээлийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д казах хүүхдүүд маш муу дүн авсан. Шалталтаар сүүл мушгисан энэ байдал анхны удаа биш, жил бүр ийм асуудал үүсдэг. Үүнд сурах бичгийн хангамж, хүрэлцээгүй байдал нөлөөлж байна. Баян-Өлгий аймгийн анхлах ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 30-35 хувьтай байна. Ном, сурах бичгийн агуулга чанар муу зэрэг олон шалтгаан бий. Түүнчлэн монгол хэлний хичээл зааж байгаа багш нарын хэлний боловсрол маш тааруу байна. 

Баян-Өлгий аймгийн боловсролын салбар авлигад идэгдсэн. Монгол хэлний багш мэргэжилтэй эсэх ямар сургууль төгссөн зэргээс үл хамаарч авлига өгсөн хүн ажилд ордог. Энэ систем нь хүүхдүүдийн боловсролд сөргөөр нөлөөлсөөр байгаа. 

Казах хүүхдүүдэд тавдугаар ангиас нь монгол хэлийг таваас долоон цаг, казах хэл, уран зохиолыг нэгээс хоёр цаг ордог. Хэдийгээр монгол хэл үздэг цаг хангалттай хэмжээнд байгаа ч дээрх шалтгаануудаас үүдэн үр дүн муу байна. Эцэст нь монгол, казах аль ч хэлээ сайн эзэмшээгүй хүмүүс бий болж байна.

Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэх чадамж нь тэр хүүхдэд байхгүй. Үүнийг эсэргүүцэж байна. 

Үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах, цаашид сургалтын системдээ хэрхэн анхаарах гэх мэтчилэн тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй. Ерөнхийд нь зөнгөөр нь орхисон гэж хэлж болно. Үүнд төр засгийн буруу байгаа. Монгол хэлийг сайн сурахгүй байгаа асуудал, ЭЕШ-ын үр дүнгийн бурууг ард түмэнд өгөхөөс илүү засаглалтай холбож хэлж болох юм.

Үндэсний цөөнхөд нэгдүгээр ангиас гадаад хэл заах нь хэл, соёл, ёс заншилд нь тодорхой хэмжээний эрсдэл учруулдаг.

Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй адил. Тиймээс шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан эсэх үндэслэлд нь тайлбар хийхийг БШУ-ны сайд Л.Энх-амгалангаас хүсэж байна" гэв.