Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2022.06.30 11:33
6490
 Г.Занданшатар: Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэхийг анхааруулж байна

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан инфляцын огцом өсөлт хийгээд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тал дээр УИХ-ын гишүүдийг анхаарлаа хандуулан ажиллахыг сануулав.

Г.Занданшатар: "Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Энэ бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Тодорхой хэлбэл, төмс 970 төгрөг байсан 2500 төгрөг болж 2.5 дахин өссөн байна. Лууван 2000 төгрөг байсан 4700 төгрөг болж 2.3 дахин өссөн байна. Ургамлын тос 4300 төгрөг байсан 9500 төгрөг болж 2.2 дахин өссөн байна. Байцаа 3000 төгрөг байсан 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин өссөн байна. Элсэн чихэр 2700-аас 3750 болж өссөн байна. Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж өссөн байна. Сүү компанийн нэг литр сүү 2830 байсан 3600 болж 27 хувь өссөн байна. Цагаан будаа 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар өссөн байна.

2021 оны зургаадугаар сартай харьцуулахад аи-92, аи-95 дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн байна. Энэ бол инфляцын суурь шалтгаан болж байна.

Тэгэхээр үнийн өсөлт бол зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байна. Гэхдээ үүнийг бодлого боловсруулж, ард түмнээ төлөөлөх үүрэгтэй уих зүгээр хараад сууж байж таарахгүй ээ!

Түүнчлэн энэ үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна. Үнийн өсөлтөд иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна" гэв.