Б.Батчимэг
Сэтгүүлч
Засгийн газар
2022.06.30 12:27
6679
А.Ариунзаяа: Хүнс тэжээлийн дэмжлэг болгож хүүхдэд 8000, том хүнд 16 мянган төгрөгийг сар бүр олгодог
Нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны 5 дугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгосон ч зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй.
Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр 5 дугаар сарын буцаан олголтыг 7 дугаар сард нөхөн олгох юм.
Тус асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас тодруулав.
 
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: "Тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг олгохоор болсон. Тавдугаар сарын НД-ын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт зургаадугаар сарын 25-наас хойш буюу энэ долоо хоногоос орж эхэлсэн.
Тавдугаар сарын мэдээллээр нэг сая төгрөгийн цалин хөлстэй 280 мянган иргэн байна гэсэн мэдээлэл байна. Эдгээр 280 мянган иргэнээс 80 мянга орчим нь сайн дураараа НД төлөгч байна.
Эдгээр хүмүүсийн төрд байгаа мэдээллээр шимтгэл буцаалтаа хийсэн. 13 мянган хүнийн данс төрд байгаагүй бөгөөд эдгээр хүмүүсийн ихэнх нь сайн дураараа НД төлөгч байсан. 
Бид сум аймгийн НД-ын байцаагчдаараа дамжуулан дансыг нь авах арга хэмжээ хэрэгжүүлж байна. 1700 иргэний данс нэрний зөрүүтэй байдлаас шалтгаалж шилжүүлэг нь буцсан.
280 мянган хүнээс 14000 хүний НДШ-ийн буцаан олголтын шилжүүлэг хийгдээгүй буцсан. Эдгээр хүмүүсийн буцаан олголт долоодугаар сард шилжүүлэгдэнэ. 
Нэг сая төгрөгийн цалинтай хүний НДШ-ийн буцаан олголт болох 40, 50 мянга орчим төгрөг гэж тооцохоор их мөнгө бага мөнгө гэдэг нь тухайн иргэнд л хамааралтай. Хүнс тэжээлийн дэмжлэг болгож хүүхдэд 8000 төгрөг, том хүнд 16 мянган төгрөгийг сар бүр олгодог. Тэгэхээр тодорхой хүмүүсдээ дэмжлэг болж чадаж байгаа болов уу гэж бодож байна.
Мөн Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийн тал дээр үнийг тогтворжуулах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг  аваад явж байгаа" гэлээ.