Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.30 14:44
6088
"Замын-Үүдэд ажилласан ажлын хэсэг 6.6 тэрбумын санхүүжилт авсан ч нэмээд 1.4 тэрбумын өр үүсгэсэн"

Засгийн газраас Замын-Үүдийн нөхцөл байдал, ачааны эргэлтийг сайжруулах зорилгоор ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Тухайн ажлын хэсэг буудалласан буудал, хоол унааныхаа мөнгийг өгөлгүй өдий хүрсэн бөгөөд нийт өр 1.5 тэрбум болсон талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Чуулганы хуралдаанаа үеэр ярив. Тус асуудлаар Т.Энхтүвшин гишүүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: "Засгийн газраас Замын-Үүдийн нөхцөл байдал, ачааны эргэлтийг сайжруулах зорилгоор 117 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар 6.6 тэрбумыг гаргаж өгсөн.

Замын-Үүдэд, Авто тээврийн үндэсний төвийн 10 хүн, Хил хамгаалах, ерөнхий газрын 57 хүн, Гаалийн ерөнхий газрын 2 хүн, Цагдаагийн Ерөнхий Газрын 10 хүн гээд нэлээд олон хүн очиж ажилласан. Харамсалтай нь эдгээр хүмүүс очиж буудалласан буудлынхаа мөнгө, хоолныхоо мөнгө, жолоочдынхоо хөлсийг одоо хүртэл төлөөгүй явсан байгаа. Тэнд байгаа байгууллагууд одоо болтол мөнгөө авч чадаагүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Чуулганы хуралдаанаар сөхлөө.

Энэ өр нь нийт 1 тэрбум 372 сая төгрөг. 2022 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл ажиллахдаа энэ их өрийг үүсгэсэн байна. Эдгээр хүмүүс бүгд томилолтын мөнгө аваад явсан байгаа.

Замын-Үүдэд 5700 гаруй жолооч нар ажилгүй байна. Тэднийг явуулахгүй, ажилгүй болгож, 30 тээврийн хэрэгсэл явуулаад байна. Замын-Үүдийн ТЭГ цэг дээр Хятадын тал хуучин байсан терминалаа өргөтгөөд томоохон хэмжээний терминалтай болчихсон. Монголын тал терминалаа одоо болтол өргөтгөж чадаагүй. Хятадын тал чингэлэг тээврээ өргөтгө гээд байхад чингэлгийнхээ өргөтгөлийг хийгээгүй л байна. Замын-Үүдийн ачаа эргэлт нойл болчхоод байна" гэв.