Нийслэл
2022.06.30 16:48
2189
Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгохоор болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нь нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ.

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны зургаадугаар сарын 13-нд болсон байна.

Шүүх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна. Хуульч Н.Эрхэмбаяр нь П.Сүхбат агсны цолыг нөхөж олгуулах тухай санаачилж, улмаар түүний гэргийтэй хамт хуулийн итгэмжлэлийн дагуу шүүхэд хандсан аж.