Баялаг бүтээгч
2022.06.30 18:12
3641
Гадны өндөр шаардлагад нийцэн, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэйгээ уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Энэ хүрээнд үндэсний манлай хүнс үйлдвэрлэгч “Очир дагинас” ХХК-ийн үйлдвэрийн байран дээр ажиллалаа.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж, бусдыгаа манлайлан оролцохоо “Очирдагинас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин хэлэв.

2005 оноос хойш мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй тус компани Олон улсын нэр хүндтэй ISO 22000 “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг Монголд анх удаа “ЭКСПОРТ ҮЙЛДВЭР” дээрээ нэвтрүүлжээ.

Очирдагинас" ХХК нь үйлдвэрийн гол түүхий эд болох махыг өөрийн гэрээт бэлтгэн нийлүүлэгчид болон малчдаас малын гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлэгийн эрүүл ахуйн бичигтэй хүлээн авч, өөрийн дотоод хяналтын лабораторид эрүүл ахуйн болон нян судлалын шинжилгээг хийж баталгаажуулсаны дараа үйлдвэрлэлдээ хэрэглэж байна.

Дотоод хяналтын лаборатори эмийн үлдэгдэл тодорхойлох болон биохими, микробиологигийн 20 гаруй төрлийн шинжилгээг бүтээгдэхүүн болон түүхий эд материал дээр хийж байна.

Үйлдвэрт ирсэн маханд мэдрэхүйн эрхтэний болон лабораторийн шинжилгээ хийж баталгаажуулсаны дараа үйлдвэрийн түүхий эд бэлтгэлийн цехэд шилжүүлж махыг шулж, ангилан, сортлож жижиглэсэнээр дараагийн дамжлагад шилжүүлнэ.

Үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлтийн процесс явагддаг юм байна.

50 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан мах, Баян Монгол, Bio брэндийн нөөшилсөн бүтээгдэхүүн өдөрт 10,500-14,500 кг хиам, махан бүтээгдэхүүн, 3200кг нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500тн-ын хөргөлтийн зоорьтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Олон улсад бүтээгдэхүүнээ экспортлодог, үндэстэн дамнасан корпараци болохоор ажиллаж буй тус байгууллага нь аль хэдийн гэрийн тэжээвэр амьтны хоол БНСУ-руу экспортлоод эхэлсэн юм. Мөн үйлдвэрийнхээ эрчим хүчийг өөрсдөө шийдэж чадсан гэдгээрээ онцлог үндэсний томоохон баялаг бүтээгчдийн нэг.