Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.07.01 10:43
5831
АНУ-ын Техас мужид хаягдсан машинаас олон тооны цагаачдын цогцос олджээ

Саяхан АНУ-ын Техас мужид "цагаачдын машин"-ын эмгэнэлт хэрэг гарчээ. АНУ-ын хууль сахиулах ажилтнууд Техас мужийн Сан Антонио хотод хаягдсан ачааны машинаас олон тооны цагаачдын цогцос олдсон бөгөөд амиа алдагсдын тоо 51-д хүрчээ. Энэ нь АНУ-д сүүлийн жилүүдэд гарсан цагаачдын нас барсан хамгийн ноцтой хэрэг юм.

Энэхүү эмгэнэлт хэрэгт олон улсын хамтын нийгэмлэг маш их цочирдож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газар эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ. Иймэрхүү эмгэнэлт хэрэг АНУ-д анх удаа гарч байгаа биш юм. Сан Антонио хотоор жишээлэхэд, 2017 онд тус хотод 10 цагаач наршиж, амьсгал боогдон, ус алдсаны улмаас ачааны машинд нас баржээ. 2003 онд 19 цагаачийн цогцсыг хотын зүүн өмнөд хэсэгт ачааны машинаас илрүүлжээ. АНУ-д хууль бус цагаачдын асуудал яагаад шийдэгдэхгүй юм бэ? Нэгэн гол шалтгаан нь нам бүлгийн өрсөлдөөн юм. Энэ жил АНУ-д дунд хугацааны сонгууль болох бөгөөд цагаачлалын асуудал дахинтаа хоёр намын наймаа болж хувирав. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаалынхаа эхний үед цагаачлалын хуулийн төслийг иж бүрэн шинэчилнэ гэж амласан ч намуудын маргаантай байсаар өнөөг хүртэл төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

1823 онд АНУ Латин Америкт хяналт тавих "Монрогийн үзэл баримтлал"-ыг дэвшүүлснээс хойш Латин Америкийн орнууд АНУ-ын цэргийн хөндлөнгийн оролцоо, улс төрийн заль мэх, ялгаварлан гадуурхах хориг арга хэмжээ, экспортын инфляцийн улмаас хүнд хохирол амссаар иржээ. Хэт ядуурал, хүчирхийллийн гэмт хэрэг нь Латин Америкаас цагаачдыг гадагш урсгах гол хүчин зүйл болж байна гэж шинжээч үзэж байна.

Саяхан болсон Америк тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр Жо Байден Латин Америкийн орнуудад цагаачлал, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд нь туслах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж амласан ч өнөөг хүртэл мэдэгдлийн түвшиндээ л явж байна. Тэрээр АНУ болон Латин Америкийн орнуудын эдийн засгийн түншлэлийн төлөвлөгөөг зарласан бөгөөд үүнийг Франц Пресс Агентлаг буюу AFP "тодорхой амлалтаас илүү олон төсөөлөл байна, зах зээлд илүү олон зам суваг нээх эсвэл илүү их хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүй" гэж тайлбарлав.