
Монголын Хөрөнгийн биржид бонд болон Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийгдэхгүй, дан хувьцааны арилжаа төвлөрч байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар Хөрөнгийн биржид 127 өдөр арилжаа явагдсан ба зах зээлийн үнэлгээ нь 51.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.
Энэ оны эхэнд нэг их наяд 623.9 сая төгрөгийн үнийн дүнгээр эхэлж байсан Монголын хөрөнгийн зах зээл одоогоор нэг их наяд 572 тэрбум төгрөг болж буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар буурсан нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Үүнээс гадна энэ оны эхнээс сар бүр арилжаа хийгдэж байсан компаниудын тоо, үнийн дүн зэрэг чухал үзүүлэлтүүд буурсан аж. Тухайлбал 2013 оны эцэст болон өнгөрсөн нэгдүгээр сард дунджаар 92 компанийн хувьцаанд авах, зарах захиалга хийгдэж байсан бол 78 болж буурчээ. Мөн өнгөрсөн хугацаанд нийт 12.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд багцын арилжаа хийгдсэн хоёр, дөрөв, зургадугаар сараас бусад үед сард тэрбум төгрөг хүрэхгүй хэмжээнд арилжаа хийж байсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 248 компаниас хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 30 компанийн жагсаалтыг “АПУ” хувьцаат компани 269.6 тэрбум төгрөгийн арилжаа хийснээр тэргүүлж байгаа бол удаах байрт 253.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн “Таван толгой” компани бичигдэж байна. Харин “Шарын гол”, “Багануур”, “Шивээ овоо” гэсэн Төрийн өмчит нүүрсний уурхайнууд 71-76 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр эхний тавд багтжээ.
