Нийгэм
2022.07.14 12:26
688
Уяачдын наадамд 64 бөх зодоглож, 469 хурдан хүлэг тоосоо өргөлөө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо.

Уяачдын наадмыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уях эрдмийг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. Энэ жилийн Улсын баяр наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1,600 гаруй хурдан хүлэг төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадамд хурдан хүлгээ уралдуулсан уяачдаас:

  • хамгийн ахмад нь Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, эдүгээ 80 настай Анчин овогтой Намсрай гуай
  • хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Отгонбаярын Содбаяр хүү хурдан хүлгээ өөрөө уяж сойн, ардын төрийнхөө наадамд өөрөө унаж хурдлуулсан бахдам түүх байна.