Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үхрийн арьс товруутах өвчин гарахаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан.
Тиймээс дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хүслээ. Тэрбээр мөн вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сургалт, мэдэгдэл, зөвлөмж, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг өгсний дагуу 17,392 нүхэн жорлон, 10,173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянган ам метр орчим талбайд ариутгал хийсэн байна.
Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 385 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 116 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.