СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр сууж байсан хүүхдүүд рүү нохой дайрсны улмаас ус руу унаж, дөрвөн настай хүүхэд энджээ
Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн хоногт гэхэд дөрвөн хүн голын усанд осолдож эндсэн тухай мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тодруулбал, өчигдөр
- 11:02 цагт Хан-Уул дүүргийн нутагт орших “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлага дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очжээ. Тэднийг очиход хоёр хүүхэд Туул голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18 насны охиныг анх осолдсон газраас 40 метрийн зайд Биокомбинатын гүүрний тулгуур баганын суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олсон бол дөрвөн настай охины цогцсыг анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
- 17:22 цагт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Туул голын эрэгт таван хүн зугаалж явснаас нэг хүн усанд сэлэхээр ороод алга болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн 51 настай, эрэгтэйг анх осолдсон газраас баруун зүгт “Био”-гийн гүүр гэдэг газар хүртэл Туул голд 8.5 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:50 цагт түр зогсоож, өнөөдөр 10:00 цагаас ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
- 23:30 цагт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Хотон нуурын эрэгт зургаан хүн зугаалж явснаас хоёр хүн усанд осолдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж тус нуурын уснаас 22 настай хоёр эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.